Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Аймгийн нийт нутгаар аравдугаар сарын сүүлчээс эхлэн цаг агаар ойр ойрхон муудаж, арванэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу тунадас орсон, агаарын температур хэлбэлзэл ихтэй. Энэ сараас эхлэн эрс хүйтэрсэн, салхины хүч зарим үед ихэнх нутгаар 10-14м/с, түр зуур 16-28м/с хүрч, цасан шуурга шуурсны улмаас цас хөрлөн хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэл үүсэж, зам даваа хаагдах нөхцөл бүрджээ.
Нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.Тиймээс тус аймагт Улсын нөөцөөс 495 тонн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.
Мөн эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Увс аймгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтжээ
УОК-ын Шуурхай штабаас Увс аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо. Аймгийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон. Арван суманд 25-40 см, бусад сумуудын нутгаар 5-20 см, хунгарласан газартаа 60-90см зузаан цасан бүрхүүлтэй. Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 80 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Аймгийн хэмжээнд 19 сумын 91 багийн 5830 хот айл болон 11 366 өрхийн 2.9 сая толгой мал өвөлжих бөгөөд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 70 тн тэжээл, 30 тн дарш бэлтгэжээ.Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, даван туулах, нөхцөл байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.