-Улаанбаатар хотын ус хангамжийн гол эх үүсвэр нь Туул голын ай сав. Гэтэл уг голын ёроолд нэг метр орчим хур лаг үүсжээ-
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн асуудлаар “Усны тухай ярилцъя-4” ээлжит уулзалт шинэ Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд боллоо. Энэ удаагийн уулзалтад хэвлэл мэдээлэл болон Эдийн засгийн шинжээч, сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцсон юм.
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хотын хүн ам, эдийн засгийн үйл ажиллагааг найдвартай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг дурдлаа.
Монгол Улс хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлэх зорилго тавьжээ
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангана гэж тусгасан. Улмаар хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавьсан. Монголчууд хаягдал усаа дахин боловсруулж, цэвэршүүлбэл хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бууруулах боломжтой. “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд II Компакт гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төслийг 2021-2026 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээрх төслийн санхүүжилтийн 350 сая ам.долларыг АНУ-ын Мянган сорилтын сан, 111.7 сая хүртэлх ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргана.
Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө"-г Монголын Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлж байна. “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж, хаягдал усны бохирдлыг бууруулснаар стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.
Жилд 18 сая метр куб гүний цэнгэг ус хэмнэнэ
Дээрх компакт гэрээний санхүүжилтээр барьж буй Ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд цутгах цэвэрлэсэн уснаас өдөрт 50 000 метр куб-ыг дахин боловсруулж, ДЦС-уудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана. Ингэснээр жилдээ 18.0 сая метр куб гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэх юм. Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 27 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны II улиралд дуусгаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Усны асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээ
Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч нэг хүчин зүйл нь усан хангамжийн асуудал болоод байна. Аж үйлдвэр тэлэхийн хэрээр усны хэрэглээ өсөж, энэхүү хэрэглээг чанартай усаар тогтвортой хангах нь “шүдний өвчин” болжээ.
Улаанбаатар хотын усан хангамжийг голын сав дахь газрын доорх усаар хангадгаас Туул гол ачааллаа даахгүй “амь тэмцэж” байна. Дээр нь Туул голын ёроолд нэг метр орчим лаг, бохирдол үүссэн. Үүнд үйлдвэрүүд бохирдуулсан усаа цэвэршүүлэхгүйгээр Туул руу цутгадаг нь нөлөөлсөөр байна. Энэ хэрээр иргэд бохирдсон усыг хэрэглэсээр...
Туулын бохирдол Төв аймгийн Лүн сум хүртэл үргэлжилдэг. Үүнээс үүдэн хүчил төрөгчгүй амьдардаг амьтан үүссэнийг мэргэжилтнүүд ярих болсон. Энэ бол усны асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг илтгэх баримт.
“Нийслэлийн усны бохирдлын 40 хувь нь ахуй, 36 хувь нь эх үүсвэр тогтоогдоогүй, 19 хувь нь үйлдвэр, 5 хувь нь хөрсний нэвчилт, үерийн улмаас үүссэн” гэдгийг ММСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн Б.Батдэлгэр дурдсан юм.
Бид нийт усны хэрэглээнийхээ 80 гаруй хувийг газрын гүнээс авч, үлдсэнийг нь гадаргаас бүрдүүлдэг. Гэтэл дээрх хэрэглээг бүрдүүлж байгаа усны нөөц хязгаарлагдмал. Дэлхийд тэртээ 1970-аад онд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг, хязгаарлагдмал нөөцөөр хангахын тулд хаягдал усаа дахин хэрэглэх, цэвэршүүлэх технологийг ашиглаж эхэлсэн. Гэтэл XXI зуунд Монгол Улсад ийм технологи бүрэн нэвтрээгүй. Өөрөөр хэлбэл, бид хэрэглэсэн усаа цэвэршүүлэхгүйгээр, дахин ашиглахгүйгээр урсгадаг. НҮБ-ын мэдээлснээр дэлхийн бохир усны 80 гаруй хувь нь цэвэршүүлэх, дахин ашиглахгүйгээр байгальд буцаж урсдаг байна. Зарим буурай хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт 95 хувьд хүрчээ.
Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэр УСУГ-т бүртгэлгүй. Тиймээс бүртгэлгүй үйлдвэрүүд усыг хэрхэн бохирдуулж, цэвэршүүлэхгүйгээр урсгаж байгааг хянах боломжгүй гэсэн үг. Авто засварын газар, арьс ширний үйлдвэрээс эхлээд хүнсний үйлдвэр хүртэл усыг бохирдуулдаг. Харин энэ мэт бохирдол үүсгэдэг үйлдвэрээс 600 нь УСУГ-т бүртгэлтэй байна. Мөн Улаанбаатар хотод үйлдвэрийн урьдчилан сэргийлэх байгууламжтай 28 байгууллага бий. Үүнээс арьс шир боловсруулах 13, ноос ноолуурын 14, ундаа усны нэг үйлдвэр байна. Тиймээс 2012 онд баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Монголын Мянганы сорилтын сангаас гаргажээ.
Усны бохирдлын улмаас 1.8 сая хүн амиа алджээ
2015 онд The Lancet сэтгүүлд нийтэлсэн судалгаанд усны бохирдол 1.8 сая хүний аминд хүрсэн тухай дурдсан. Жил бүр баталгаагүй, бохирдолтой ус хэрэглэсний улмаас 1 тэрбум хүн өвчилдөг байна. Дээрх статистикаас харахад хотын тогтвортой хөгжлийн үндсэн асуудал нь ус хангамжийн аюулгүй, найдвартай байдал. Тиймээс ирээдүй хойч үедээ усны найдвартай эх үүсвэрийг үлдээх, байгаль орчноо хамгаалах асуудал энд хөндөгдөж байна. Мөн усны нөөцийн асуудалд анхаарал хандуулдаггүй улс гэж үгүй. Франц улсын Марсель хотод хуралдсан Дэлхийн усны зургадугаар форумын гол сэдэв нь хүн бүрийн усаар хангагдах эрхийг хангах асуудал байлаа. Тус хуралдаанаар 2050 он гэхэд цэвэр усны хэрэгцээ 1.5 дахин нэмэгдэж, үүнээс үүдэн орон нутаг төдийгүй дэлхий дахинд усны төлөөх “дайн” гарч болзошгүйг сануулсан. Учир нь өнөөдөр хоёр тэрбум гаруй хүн цэвэр усны тулгамдсан асуудалтай оронд амьдарч байна. 2025 он гэхэд дэлхийн хүн амын тэн хагас нь ундны усны хомстолд өртөх магадлалтай хэмээх тооцоолол гарчээ.