Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Үүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, Дээд шүүхийн шүүгчээр Н.Батзориг, Н.Батчимэг нарыг нэр дэвшигчийн сонсгол хийхгүйгээр томилоод байна.
Шалтгааныг нь Үндсэн хуулийн цэцийнхнээс тодруулахад “Их суудлын хуралдаанд холбогдох тайлбарыг УИХ-аас энэ долоо хоногт ирүүлсэн. Мөн парламент итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоод удаагүй байна” хэмээн хариулсан юм.
Тухайн албан тушаалд тавих шаардлага, чадвар, туршлагыг тэд хэр хангасан, ёс зүйтэй, эсэхийг иргэд, олон нийтийн төлөөлөл нээлттэй сонсож чадаагүй гэсэн үг. Жишээ нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хэзээ шинэчлэх вэ гэдэг асуулт багагүй хугацаанд хариулт нэхсэн. Тэгвэл томилгоог өнгөрсөн сард гэнэт л хийчихсэн гэхэд болно. Дээд шүүх сонгон шалгаруулалт зарлаж байж нэр дэвшүүлдэг учраас О.Мөнхсайханыг санал болгох нь гэсэн сураг ажиг сонсогдсоныг эс тооцвол Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нар “нууц” байв. Тэднийг өнгөрсөн сарын 16-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилсон. Өмнөх өдөр нь ажлын цаг дуусахтай зэрэгцэн зарласан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчдийг танилцуулан дэмжсэнийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд л томилчихсон хэрэг. Шуудхан хэлэхэд, Цэцийн гишүүдийг томилохгүй баахан удсаны эцэст нээлттэй сонсгол явуулахтай холбоотой заалтыг түдгэлзүүлсний дараа томилсон нь ч хар дагуулж буй. Иймээс л нэр дэвшигчидтэй нээлттэй сонсголоор танилцах боломжийг хааж болохгүй хэмээн шаардаад байгаа юм. Харин энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ. Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн нээлттэй сонсголыг цаашид хийх, эсэх нь тодорхойгүй хэвээр л байх уу. Эсвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохдоо хэзээ ч сонсгол явуулахгүй байхаар шийдвэрлэх үү.
ХОЙРГО УИХ
Уг нь Цэц их суудлын хуралдаанаа хийж, эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Эхэнд дурдсан дүгнэлтийг УИХ аравдугаар сарын 5-нд хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учраас Цэц дахин хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэх шаардлага үүссэн юм. Харин хоёр сар гаруйн хугацаа өнгөрчхөөд байхад их суудлын хуралдааны тов ч гарсангүй. Шалтгааныг нь Үндсэн хуулийн цэцийнхнээс тодруулахад “Их суудлын хуралдаанд холбогдох тайлбарыг УИХ-аас энэ долоо хоногт ирүүлсэн. Мөн парламент итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоод удаагүй байна” хэмээн хариулсан юм. Нэгэнт Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй учраас тухайн маргааныг хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Үүний дагуу Цэцээс маргагч талуудад итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдсэн ч УИХ хойрго хандсан бололтой. Ийнхүү мэдэгдэж, тайлбар гаргуулах нь их суудлын хуралдааны бэлтгэл хангах үйл явцын нэг хэсэг, тэр тусмаа хамгийн түрүүнд хийх ажил нь гэж хэлж болно. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Цаашлаад тухайн маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалт бий. Улмаар бэлтгэл ажиллагаа дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлодог. Харамсалтай нь, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө саяхан томилж, тайлбараа энэ долоо хоногт л илгээсэн учир Цэц их суудлын хуралдаанаа ойрын үед товлох, эсэх нь эргэлзээтэй байна.
ЦЭЦ ХЭЗЭЭ ДАРГАТАЙ БОЛОХ ВЭ
Тэгээд ч хуралдаанд бэлтгэх хугацааг сунгах, эсэхийг Цэцийн дарга шийддэг. Сая томилогдсон гурван гишүүнд суудлаа тавьж өгч, чөлөөлөгдсөн хүмүүсийн нэг нь Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат. Өөрөөр хэлбэл, тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө дээрх хугацааг сунгасан, эсэх нь сонирхол татаж байгаа юм. Үүний сацуу Үндсэн хуулийн цэцийг хэн даргалах вэ гэдэг нь тодорхой болсны дараа л үүнийг ярихад хүрнэ.
Цэцийн гишүүд даргаараа хэнийг сонгох талаарх таамаг мэр сэр гарч байгаа ч баттай зүйл алга. УИХ-аас санал болгосноор 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Солонгыг даргаар сонгох нь гэсэн сураг гарсан ч түүний бүрэн эрхийн хугацаа ирэх хавар буюу хагас жил хүрэхгүйн дараа дуусна. Мөн түүнтэй хамт томилогдсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү (Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлсэн) нарын бүрэн эрхийн хугацаа ч дуусаж буй тул тэднээс нэг нь Цэцийг удирдана гэж хэлэх хэцүү. Мөн сая томилогдсон гурван гишүүнийг “шинэков” хэмээн харах талтай. Цэцэд орж ирэнгүүт нь дарга болгох, эсэх нь эргэлзээтэй. Эндээс харвал, “хуучин” буюу өнгөрсөн жил томилогдсон Д.Гангабаатар, Цэцийн гишүүнээр хоёр жил гаруй ажиллаж буй Ж.Эрдэнэбулган, бараг тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа Г.Баясгалан нарын нэг нь дараагийн дарга болж мэдэх юм шиг. Гэхдээ хэн эрх барьж байгаагийнх нь харцны аясаар хөдөлдөг гэх Цэцийн удирдах хүн нь туршлага, мэдлэг, боловсрол, чадвар, ёс зүйтэй, эсэхээс эс хамааран хэн ч байхыг үгүйсгэх аргагүй.
СОНГУУЛИАР ДАЛИМДУУЛАХ ВИЙ
Үндсэндээ эл асуудлаарх их суудлын хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар дээр дурдсан хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд авах хариуцлагын арга хэмжээ, зохицуулалт алга. Магадгүй ирэх хавар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусахад тэдний оронд томилох хүмүүсийг ч нээлттэй сонсголгүйгээр Цэц рүү илгээхийг үгүйсгэхгүй. Дээд шүүхийн шүүгч нарыг ч ийм байдлаар томилохгүй гэх газаргүй. Цаашлаад улсын ерөнхий прокурор Д.Жаргалсайхан, түүний орлогч нарын бүрэн эрхийн хугацаа дуустал сунжирч ч мэднэ. Тэднийг 2019 онд томилсон бөгөөд он гарангуут бүрэн эрхээ хэрэгжүүлэх тав дахь жилтэйгээ золгох юм. Үүнээс гадна УИХ-ын 2024 оны сонгууль шалтаг болж, хуралдааныг хойшлуулахад хүргэх вий. Их суудлын эл хуралдааныг сонгуулиас өмнө хийхгүй бол парламент шинээр бүрдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дахин томилох, тайлбар гаргуулах гэх мэтээр сунжрах нь лав.
Гэвч их суудлын хуралдаанаас өөдтэй шийдвэр гаргана гэх найдвар бага. Учир нь Цэц дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээ дахин хянах тохиолдолд ихэвчлэн бататгадаг жишиг бий. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн шийдвэрээсээ буцах нь юу л бол. Ийнхүү Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээрээ хүчингүй болгосон хуулийн заалтыг УИХ ямар нэгэн хэлбэрээр дахин сэргээн батлах эрхгүй. Улмаар энд дурдсан томоохон албан тушаалын томилгоог богино хугацаанд, хаалттай, иргэд битгий хэл, түүнийг хэлэлцдэг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн оролцоог ч хангахгүй шахам, тулгалт байдлаар хийж ирсэн явдал үргэлжилнэ гэсэн үг.
Тэгээд ч нээлттэй сонсголоор “ороогүй” гишүүд Цэцийн их суудлын хуралдааны бүрэлдэхүүнд багтана. Тэд нэр нэвшигчийн сонсголыг хамгаалан, ил тод байдлын төлөө шийдвэр гаргаж, өмнөх гаргасан дүгнэлтээ үгүйсгэх, эсэх нь Цэцийн бүх гишүүний хувьд эр зориг шаардсан ажил байж таарна. Үнэндээ одоогийн бүрэлдэхүүнд, ер нь Үндсэн хуулийн цэцийн үе үеийн гишүүний хэн нь ч нээлттэйгээр, ил тод хэлэлцүүлэн томилогдож байгаагүй. Тиймээс ч аль эрх барьж байгаа хүчний гар, хөл болж, дохио зангаагаар нь хөдөлдөг гэх шүүмжлэл тэднийг дагадаг. Уг нь нээлттэй сонсгол бол тэднийг энэ муу нэрнээс нь салгах бодитой хөшүүрэг юм.