Монгол-Оросын Найрамдлын өдрүүдийн 63 дахь жилийн хаалтын үйл ажиллагаа Эрдэнэт хотод боллоо. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Ё.Максим, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу болон Эрдэнэт хот, үйлдвэрийн анхдагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн 60”, “Халхын голын дайны ялалт-80”, “Гагарины нислэгийн-60” жилийн ойн медалиар 47 хүн энгэрээ мялаав. Мөн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал болох “Алтан од” одон, “Хүндэт тэмдэг”, Баярын бичгээр Эрдэнэт үйлдвэрт 15-30 жил үр бүтээлтэй ажилласан ОХУ, хамтын нөхөрлөлийн орнуудын 45 мэргэжилтнийг шагнажээ. Найрамдлын өдрүүдэд “Эрдэнэтийн бүтээн байгуулалт-1974-1984” гэрэл зургийн үзэсгэлэн, Дагестаны алдарт яруу найрагч Расул Гамзатовын 100 жилийн ойд зориулсан цогц үйл ажиллагааг зохион байгуулжээ. Харин ОХУ-д дээд сургууль төгсөгчдийн шатрын тэмцээн, ерөнхий боловсролын сурагчдын дунд футзалны тэмцээн болжээ.