“Эбээ”, “Уужим өсөх”, “Үндэсний ойжилт” зэрэг компани Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэр, Залаат, Манзуширын аманд энэ сарын 1-нээс ойн цэвэрлэгээ хийж эхэлснийг тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас өчигдөр мэдээллээ. “Ойд цэвэрлэгээ хийх нэрийдлээр зулзаган моддыг тайрч, бэлтгэж байна” гэсэн мэдээллийг иргэд нийгмийн сүлжээнд түгээсэн нь ташаа гэдгийг онцлов.
Дээрх байгууллагууд эхний ээлжид Бага тэнгэрийн амны 38.3, Залаатын 13, нийт 51.3 талбайд ойн цэвэрлэгээ хийж, хортон шавжид нэрвэгдсэн, ургах чадваргүй болсон моддыг тайрахаар Төв аймгийн Батсүмбэр сум дахь ойн ангийн ажилтнуудаар талбайн тусгаарлалт хийлгээд байгаа аж. Цэвэрлэгээ хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ойн газар, Экологийн цагдаагийн албаны болон орон нутгийн холбогдох газрын мэргэжилтнүүд тогтмол хяналт тавьж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэллээ.