АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Жиоржиа муж улсын Атланта хотноо зохион байгуулж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын дээд хэмжээний 10 дугаар чуулганд оролцож байна. Тэд чуулганы үндсэн хуралд оролцохын зэрэгцээ “Байгаль орчныг хамгаалах чиглэлд авлигатай тэмцэх нь”, “Хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх Атлантагийн тунхаглал”, “Спортыг авлигаас хамгаалах нь” зэрэг дэд хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлжээ.
Энэ үеэр АТГ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Үндэсний хянан шалгах хорооны төлөөлөлтэй хоёр талт албан уулзалт хийж, авлигын гэмт хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах чиглэлд хамтран ажиллаж, холбогдох хууль, тогтоомж, Авлигын эсрэг конвенцын хүрээнд мэдээлэл харилцан шуурхай солилцож ажиллахаар тохиролцсон аж. Оролцогч талуудын 10 дугаар чуулганд оролцож буй төлөөлөгчид авлига нь нийгмийн хорт үзэгдэл бөгөөд хууль дээдлэх ёсыг доройтуулж, ард иргэдийн боломжийг хулгайлдаг, хөгжлийг боомилогч гол хүчин зүйл гэдэгтэй санал нийлж, үүний эсрэг үр дүнтэй тэмцэхэд дотоодын болон олон улсын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлов. Авлигын эсрэг конвенцын 63 дугаар зүйлд тусгасны дагуу оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэдээлэл солилцох, санхүү, төсөв, хүний нөөцийн боломж, бололцоог нэмэгдүүлэн, хэрэгжилтийг үнэлэх ажиллагааг дэлгэрүүлэн, холбогдох тогтоол шийдвэр гаргах зорилгоор тус чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Энэ удаагийн чуулганд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод оролцогч 190 улсын 2500 гаруй төлөөлөгч конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 15 тогтоол батлахаар төлөвлөн хэлэлцэж буй гэнэ.