"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. "Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгажээ.
1972 онд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ батлагдаж, 1973 оны хоёрдугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа “
“Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.
Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталсан. Ийнхүү өнөөдөр Эрдэнэтийн овооны ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.