“Улаанбаатар” амьтны хүрээлэн санхүүгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож буйгаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус амьтны хүрээлэн нь хүүхэд багачуудыг байгаль, зэрлэг амьтадтай ойртуулах, амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Тэд өнгөрсөн хугацаанд Монголд орон байдаггүй ховор, сонин олон амьтныг хүүхэд, залуустай “уулзуулсан” төдийгүй Улаанбаатар хотын хамгийн том акуа зоо парк хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүртлээ зүйл бүрийн загас “нутагшуулсан” аж. Харамсалтай нь, амьтны тоо, төрөл зүйл олшрохын хэрээр өдөр тутмын зардал нь ихсэж, тогтвортой үйл ажиллагаа явуулах аргагүйд хүрчээ.
“Улаанбаатар” амьтны хүрээлэнгийнхэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үйлчлүүлэгчдэдээ хүргэсэн мэдэгдэлдээ “Бид цар тахлаас хойш орлогоосоо давсан зардалтай олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардлаа төлж, ажилтнуудынхаа цалинг олгох боломжгүй боллоо. Долоо дахь жилийн босгон дээрээ ийм мэдээ дуулгаж буйдаа харамсаж байна. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж, хүнд цаг үед хөнгөлөлт үзүүлж, зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс чөлөөлж байсан түрээслэгчдээ баярлалаа. Амьтдыг жимс, ногоогоор тасралтгүй хангаж, байнга бэлэг илгээдэг байсан “Европ жимсний бөөний төв”-ийн хамт олонд талархлаа” гэжээ.
Тус байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон тул аквариум, террариум (бичил цэцэрлэг) зэрэг усны амьтдад зориулан бүтээсэн эд зүйлээ худалдаж эхэлжээ. Зарим үйлчлүүлэгч нь тэднийг хэтэрхий түргэдлээ, холбогдох байгууллага, олон нийтээс дэмжлэг, туслалцаа авч, санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой байсан гэж буй бол БОАЖЯ, Соёлын яамныхныг эл амьтны хүрээлэнгийн хамт олонд туслахыг гуйж, шаардаж байгаа нь ч цөөнгүй харагдав.