Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Санхүү, эдийн засаг, засаглал хариуцсан захирал Лалита Моорти, Санхүүгийн салбар хариуцсан менежер Зафер Мустафаогли, Суурин төлөөлөгч Таехюн Ли болон албаны бусад төлөөлөгчдийн уулзалт боллоо. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцсон. Орон сууцны санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, илүү зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Дэлхийн банкны статистикт дурдагдснаар Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 1991 оноос хойш гурав дахин өссөн байна. Ядуурлыг бууруулахад Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэгдэхүйц амжилт гаргасан боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт тогтворгүй болж, ядуурал буурах хурд саарч, зогсонги байдалд оров. Илүү олон, илүү чанартай ажлыг байрыг шинээр бий болгох нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал гэдгийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийн хүртээмжтэй байдлын асуудал залуучуудад тулгамдсан хэвээр байна. Хэдийгээр Засгийн газраас ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн ч КОВИД-19 цар тахлын өрхийн амьжиргаа болон эдийн засагт учруулсан хохирлын улмаас эдгээр хүндрэлүүд эрс нэмэгджээ.
Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 2020 оны байдлаар 27.8 хувьтай байгаа нь 2018 онтой харьцуулахад 0.6 нэгж хувиар ялимгүй буурсан үзүүлэлт юм. Эдийн засагт 2016 онд үүссэн хүндрэлээс хойш цар тахал бий болсноор ядуурал буурах хурдац улам саарсан гэж үзэж болно. Хэрвээ Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсээгүй байсан бол 2020 онд ядуурлын түвшин 3.5 нэгж хувиар нэмж буурах боломжтой байсан хэмээн симуляц шинжилгээний үр дүн харуулж байна. Тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гаргахад Монгол Улс засаглалыг бэхжүүлэх, төсвийн орлогыг үр ашигтай удирдах институтийн чадавхыг дээшлүүлэх, эдийн засгийн нөөцийг зардал, хөрөнгө оруулалт, хуримтлалд оновчтой хуваарилах, хот, хөдөөгийн бүх иргэдээ ижил тэгш боломжоор хангах шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны төлөөлөгчид онцоллоо.