Нийслэл Улаанбаатар хотод гол 239 уулзвар, тэдгээрийн хооронд холбогдох 670 орчим зам, бий. Эдгээр зам болон нийтийн тээврийн чиглэлүүдийн орон зайн өгөгдөл, Улаанбаатар хотын бүсчлэл, нийтийн тээврийн төлбөрийн мэдээлэл, нийслэлийн ЕБС-уудын өгөгдлүүд дээр үндэслэн сурагчдын хичээл, амралт, хичээллэж буй үеүдийг харьцуулж, мөн хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэх үед гарч байгаа зам дээрх автомашины хөдөлгөөний хурдны өөрчлөлтийг хэмжиж, гаргасан байна.
Тодруулбал, Сургууль хичээллэж буй үе болон амарч буй үеийн ажлын өдрүүдийн хурдны зөрүүг харуулах бөгөөд сургууль хичээллэх үеэр өглөөний 7-9 цагийн хооронд хотын төвийн Их тойруу, хотын төвийн хэсгийн баруун бүс болон зүүн бүс мөн урд бүсэд хурдны удаашрал 20-40 хувиар буурдаг. Харин сургууль хичээллэж буй үе болон амарч буй үе, амралтын өдрүүдийн хурдны зөрүүг харьцуулахад өглөөний 7-9 цагийн хооронд хурдны зөрүүгүй байна.
ЕБС амарч буй үе болох долдугаар сард, ажил болон амралтын өдрүүдийн хоорондох хурдны зөрүү өглөөний цагаар бага байгаа боловч ЕБС хичээллэж буй үеэр буюу гуравдугаар сард уг зөрүү 41 хувь хүртэл өндөр байгаа аж. ЕБС-ийн сурагчдын 2/3 нь буюу дийлэнх сурагчид 1-р ээлжид хичээллэдэг тул ЕБС хичээллэж буй үед амарсан үетэй харьцуулахад өглөөний цагаар хурд 20-40 хувь хүртэл удааширч байна.
Замын түгжрэлийг зах зээл талаас нь авч үзвэл иргэд бидний ажилдаа явах, хичээл сургуульд хүүхдүүдээ хүргэж өгөх, чөлөөт цагаа өнгөрөөх гэх мэт хэрэгцээ шаардлага буюу эрэлт нөгөө талаас автозамын дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээ гэх мэт эрэлт нийлүүлэлт хоёрын харьцаа алдагдсанаас үүсдэг. Сүүлийн арван жилд Улаанбаатар хотод оршин суугчдын тоо өсөхийн хэрээр замын хөдөлгөөний эрэлт ихэссэн ч энэхүү өсөлттэй уялдуулан зам тээврийн дэд бүтэц хангалттай хөгжиж чадаагүйн улмаас түгжрэл улам бүр нэмэгдэж байна.
Олон улсад эрэлтийг бууруулах чиглэлээр:
1. Оргил цагийн татвар
2. Бүсчилсэн татвар
3. Дугаар олголтын хязгаарлалт
4. Явган болон дугуй, скүүтэрийн зам барих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг юм.
Нийт нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр:
1. Зам, дэд бүтцийг нэмж байгуулах,
2. Хот төлөвлөлтөө сайжруулах,
3. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг ажлуудыг хийдэг байна.
Дэлхийн томоохон хотуудын түгжрэлийн сүүлийн үеийн стратегиудаас харахад нийт зорчилтын хувь машины эзлэх хувийг багасгаж, алхах, дугуй унах, зэргийг илүүд чухалчилж нийтийн тээврээр зорчих хэлбэрүүд рүү шилжүүлэх бодлогыг түгээмэл хэрэгжүүлж байгаа юм.