“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөл өнгөрсөн зургаадугаар сарын 30-наас хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн санал хүсэлттэй танилцаж, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гарган МХБ-ийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн ажиллаж буй юм байна. Дээрх зөвлөлийнхөн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй энэ сарын 15-нд уулзахаар болсон бөгөөд эхэнд бүртгүүлсэн 20 хүнд утсаар холбогдон мэдэгдэнэ гэлээ. Үүнд оролцохдоо МХБ-ийн хувьцаа эзэмшигч гэдгээ нотлон, үнэт цаасны дансаа шалгуулж нэвтрэх аж. Эл уулзалтын үеэр Хяналтын зөвлөлийн чиг үүрэг, 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс санал хүсэлт хүлээн авах нь.
Бэлтгэсэн: Ц.Ундрал