Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд Урьдчилан сэргийлэх газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, цаашид анхаарч ажиллах ажил, арга хэмжээний талаар үүрэг, ажлын чиглэл өгөв.
Тус уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай нар оролцов.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар нь шинээр байгуулагдсан ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд бодлого, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах юм.
Тус газар нь олон нийтийн газар, гудамж талбайд камерын хяналтын “Ногоон бүс”, сургууль орчны авто замын уулзварын эрсдэлийг бууруулах “Шар бүс”, мөн цас, бороо, орчны бохирдлыг үл харгалзан аль ч улирал, цаг үед ажиллах “Гэрэлтдэг гарц” зэрэг ажлуудыг шинээр санаачлан эхлүүлсэн нь нийслэл, орон нутагт хэрэгжиж, иргэд, олон нийтийн дэмжлэг авч байна.
Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын тэргүүн туршлагад үндэслэж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тодорхой үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.