Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын эрсдэлийг тогтмол үнэлдэг. Тус хүрээлэнгээс өчигдөр гаргасан эрсдэлийн зургаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай байна. Онцгой байдлын ерөнхий газраас уржигдар мэдээлсэн дүнтэй харьцуулахад зудтай аймаг нэг, сумын тоо 10-аар нэмэгджээ. Үүнээс гадна 11 аймгийн 48 сумд цагаан зуд болох эрсдэл өндөр байгаа аж. Тодруулбал, Увс аймгийн 10 сумын нутагт цагаан зуд болж буй нь одоогоор хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Тус аймаг 19 сумтай бөгөөд талаас илүү хувьд нь ийнхүү өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Үүнээс гадна Сүхбаатарын найм, Булганы зургаа, Дорноговийн дөрөв, Төв аймгийн гурав, Хэнтий, Архангай, Говь-Алтайн тус бүр хоёр, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгийн нэг сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтож, цагаан зудын нөхцөл бүрджээ. Цаашид цас нэмж орсон тохиолдолд Завхан аймгийн нийт нутагт зуд болох эрсдэл өндөр байна.
Өчигдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Тэдгээрээс Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн зарим сумд 10-37 см-ийн зузаан цастай байгаа нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна.