Монгол Улсын гадаад өр энэ оны эхний есөн сард 34 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.5 (4.5 хувь) тэрбум, өмнөх улирлынхаасаа 200.4 (0.6) сая “ногоон”-оор өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Дээрх дүн 2022 оныхоос нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.8 (15.2 хувь) тэрбум, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 263.9 (19.3), Засгийн газрынх 226.3 сая (гурав) ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин бусад салбарын гадаад өр 491, дээрх банкных 369.2 сая “ногоон”-оор багассан аж. Нийт гадаад өрийн 14 тэрбум нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 нь Засгийн газар, хоёр нь Төвбанк, 1.6 нь тус банкнаас бусад хадгаламжийн байгууллага, 8.5 тэрбум ам.доллар нь бусад салбарынх юм байна.
Засгийн газрын өр өнгөрсөн 1-9 дүгээр сард 30.8 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 711.1 (2.4 хувь) тэрбумаар нэмэгдэн, өмнөх улирлынхаасаа 262.3 (0.8) тэрбумаар буурчээ. Эл өрийн 29.3 их наяд төгрөгийг нь гадаад, 534.1 тэрбумыг нь дотоод, 743.5 тэрбумыг нь Засгийн газрын өрийн баталгаа, 292.5 тэрбумыг нь барих-шилжүүлэх төрлийн концесс эзэллээ. Засгийн газрын нийт өрөөс дээрх хугацаанд үндсэн төлбөрт 3.8 их наяд, хүүгийн төлбөрт 918.5 тэрбум төгрөг зарцуулсан аж. Үндсэн төлбөрт зарцуулсан хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (5.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 337 (58 хувь) тэрбумаар дээшилснийг мөн дурдав.
Бэлтгэсэн: Б.Сонор