Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн суудалтай шинэ барилгыг Улсын комисс хүлээн авснаар ашиглалтад орууллаа. Улсын тэргүүний хэмээх тодотголтой тус сургуульд өдгөө 1100 гаруй хүүхэд суралцаж буй юм байна. Мөн 86 багш, ажилтантай бөгөөд аймгийн хэмжээнд томоохонд тооцогддог, сургалтын чанараар ч дээгүүр бичигддэг сургууль юм. Тус сургуулийн хуучин хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй, анги танхимын хүрэлцээ муугаас 07.00-21.00 цаг хүртэл хичээллэдэг байжээ. 640 хүүхдийн багтаамжтай гурван давхар барилгыг ашиглалтад хүлээн авснаар бүх анги үдээс өмнө хичээллэх боломж бүрдсэн аж. Харин бусад цагт нь хүүхдэд зориулсан дугуйлан, секц, давтлага хичээллүүлснээр тэдний сурах, хөгжих орчин бүрдэн, анги танхим хүрэлцээтэй болох нь.
Шинэ барилгын шавыг 2020 оны долоодугаар сард тавьсан. Гэсэн ч гүйцэтгэгчдийн зөрчил, цар тахлын жилүүдэд барилгын ажил зогссон зэргээс шалтгаалж товлосон хугацаанаас хоёр жил гаруйн дараа ашиглалтад оруулж буй нь энэ. Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын зургийг орон нутгийн онцлог нөхцөлд тохируулж “Барилга байгууламж” ХХК-ийнхан боловсруулсны дагуу “Өндөр баганат” ХХК-ийнхан 9.3 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад орууллаа.