"Улаанбаатар төмөр зам" ХНН нь 16 000 орчим ажилтантай. Эдгээр бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болсон мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж, "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан. Улмаар ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзаж, хэд хэдэн асуудлыг тохиролцсоны нэг нь дээрх цалингийн урамшуулал юм. Тодруулбал, өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, байгууллагын орлого, ашигтай уялдуулан ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтжээ.