Шүүгдэгч Э иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ байхад нь түүний Хаан банкны 000 дугаартай 3.536.281 төгрөгийн үлдэгдэлтэй виза картыг дэрэн доороос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, данснаас нь 3.536.000 төгрөгийн гүйлгээ хийж, нийт 3.536.281 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан Э “...Би Б... ахын картыг согтуу байхад нь дэрэн доороос нь авсан. Данснаас нь 3.536.281 төгрөгийг бэлнээр болон дэлгүүрээс картаар хүнсний зүйл авсан...пин кодыг нь би урьд нь мэддэг байсан.” гэх өөрийн хийсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б “...архи авахдаа Э-д Хаан банкны виза картаа өгөөд нууц кодыг нь хэлээд явуулсан. Намайг сэрэхээс өмнө Х.Э босоод миний дэрэн доогуур байсан виза картыг хулгайлж авч яваад 8 удаагийн гүйлгээгээр 3.536.281 төгрөгийн зарлага гаргаж хохирол учруулсан” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э үйлдэл тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгохоор тодорхойлсон байдаг тул шүүгдэгч Х.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгч Х.Э хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршгийн шинж, хохирол төлбөрийн дийлэнх хувийг төлж, үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирогчийн гомдол саналгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт, тус аймгийн Даланзадгад сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг 1 жилийн хугацаагаар хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэн дээрх ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.