Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны арванхоёрдугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 800 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Гаалийн төв лабораторийн албан тушаалтан “С” нь бусдаас хахууль авсан гэх;
- Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Г” нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
- “Г” нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “П”, “Ч” нар нь бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Төмөр замын цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийн мөнгийг завшсан гэх.
- Улсын Их Хурлын гишүүн “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх;
- Ус цаг, уур орчны шинжилгээний төвийн албан тушаалтан “З” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.