БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Тогтвортой аялал жуулчлал-ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. “Монголд зочлох жил” санаачилгын гол зорилтуудын нэг болох төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг хангах нь чуулганы гол зорилго байв. Мөн шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үүрэг, үйл ажиллагааг тус салбарынханд танилцуулахыг зорьжээ. Үүнд нийслэл, орон нутагт бизнес эрхлэгч, үндэсний томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Онгон дагшин байгаль, сэрүүн хээрийн бүс, ус, намгархаг газар, хүнийхээ тооноос давсан олон амьтан гээд бусдаас ялгарах зүйл Монгол оронд цөөнгүй бий. Энэ ондоошил, ялгарал бүхий давуу талдаа тулгуурласан байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй” гэсэн юм.
2023 он гарснаас хойш манай улс 635 мянган жуулчин хүлээн авч, 1.27 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд буй аж. Жуулчны тоо цар тахлын өмнөх буюу 2019 оны үеийнхийг 58 мянгаар давсан бол тус салбарын орлого хоёр дахин өсжээ. Энэ үзүүлэлтийг ирэх жилүүдэд “тогтоон барих”- ын тулд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг Б.Бат-Эрдэнэ сайд онцлов. Мөн өдгөө шинэчлэн боловсруулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай бүсүүдийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах замаар эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зохицуулалтуудыг тусгаж байгааг дурдлаа. Үүний хүрээнд 102 байршилд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар судалж байгаа гэнэ.
Засгийн газраас аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Зээлийн хүүгийн 11 хувийг тухайн аж ахуйн нэгж, үлдсэн долоон хувийг нь БОАЖЯ төлөх зохицуулалттай. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон үүнтэй холбоотой мэдээллийг чуулганы үеэр бизнес эрхлэгчдэд өглөө. Түүнчлэн шинэчлэн баталсан хуульд тур оператор компаниудыг 2023-2025 дуусталх хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх заалтыг тусгажээ. Энэ хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгжүүд эл холбоонд заавал бүртгүүлсэн байх ёстойг мэргэжилтнүүд хэлэв.