Шатахууны нөөц өнгөрсөн аравдугаар сараас хойш багасаж, иргэдэд хүндрэл учруулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гаргаас эхлэн нийслэл дэх шатахуун түгээх станцуудын (ШТС) гадаа урт дараалал үүслээ. Энэ талаар нэгэн жолооч өчигдөр “Магнай трейд”- ийн ШТС-уудад АИ-92 дууссан гээд зөвхөн талонтой хүнд АИ-95 шатахуун өгч байна лээ. Нарны зам дагуух “Тэс петролиум”-ын ШТС-аас бензин авах гэсэн жолооч нар замын нэгдүгээр эгнээнд урт дараалал үүсгэсэн байсан” хэмээн ярилаа. Тэгвэл өөр нэгэн жолооч “Өнгөрсөн пүрэв гаргийн 20.20 цагт XIII хороолол дахь “Магнай трейд”-ийн ШТС-д АИ-92 шатахуунгүй байсан тул АИ-95 авсан юм. 30 мянган төгрөгт 12.5 литр АИ-92 авдаг байсан бол долоон литр АИ-95 авсан. Өчигдөр (уржигдар) гэрийнхээ ойролцоох буюу Баянзүрх дүүргийн V хороон дахь “Сод Монгол”-ын ШТС-д 22.30 цагийн үед очиход ажилчин нь “АИ-92 зарж буй ч дараалал ихтэй байгаа тул удахгүй дуусчих болов уу. Маргааш 10.00 цагт хэвийн борлуулна” гэж хэлсэн. Тухайн ШТС-аар дамжин орон сууцын хороолол руу ордог. Урт, замбараагүй дараалал үүссэнээс болж хүмүүс гэр лүүгээ орж чадахгүй, үл ойлголцол үүссэн харагдсан. Бас дарааллаас болж зарим жолооч бүр зодолдсон.
Бямба гарагт Налайх дахь ШТС-д бензин өгч байна гэж сонсоод зарим хүн тэр хүртэл явсан байна лээ” гэсэн юм. Тэрбээр өчигдөр шатахуун авах гэсэн ч мөн л урт дараалалтай байсан тул ажил руугаа явахдаа автомашинаа үлдээж, алхсанаа хэлж байлаа. Ер нь ШТС-уудын гадаа нэг км-ээс ч урт, зарим газар бензин авах гэсэн жолооч нар замын хоёрдугаар эгнээнд ч дараалал үүсгэн зогссон байв. Өөр нэгэн жолооч “Манай найз баасан гаргаас бямбад шилжих шөнө шатахуун авахаар 04.00 цаг хүртэл дараалалд зогссон гэсэн. Сая (өчигдөр) XVI хорооллоос Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замд байрладаг “Петровис”, “Шунхлай”, “Магнай трейд”-ийн ШТС-ын гадаа урт дараалал үүссэн байсан тул бензин авч чадсангүй” гэв. Мөн нэг жолооч өчигдөр 16.30 цагт “Говь”-ийн үйлдвэр, “Мишээл экспо” орчмын болон Нарны зам дагуу байдаг ШТС-д очлоо. “Говь”-ийн үйлдвэрийн хажууд байрладаг “Тод петролиум”, “Магнай трейд”- ийн ШТС бензингүй гээд хаасан байна. Нэг нь маш урт дараалалтай байна лээ. Хотын төвөөс Яармагийн гүүр дөнгөж даваад байдаг, цаашлаад НЗДТГ-ын эсрэг талд байрладаг “Шунхлай”-гийн хоёр ч ШТС-д очиход “Уучлаарай. АИ-92 түр дууссан” гээд бичиг наачихаж. Долоон газарт очоод бензин олсонгүй, арай ч дээ” гэж халаглав.
Өдгөө литр АИ-92 шатахууныг 2390, АИ-95-ыг 3910, дизелийн түлшийг 3890 төгрөгөөр борлуулж буй юм. Тэгвэл дизелийн түлшийг литрийг нь 4210, 4500-4700 төгрөгөөр авлаа хэмээн зарим хүн фэйсбүүк хуудсандаа бичсэн байв. Магадгүй хувь хүнээс ийм үнээр авсан бололтой. Зарим иргэн “Шатахуун импортлогчид үнээ нэмэх гэж албаар хомсдол үүсгэж байна”, “Бензин хомсодлоо гээд үнээ нэмдэг жишиг тогтлоо” хэмээв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор энэ сар гарснаас хойш 9-ний байдлаар 167 вагон АИ-92, 534 вагон дизелийн түлш, 13 вагон АИ-95 оруулж иржээ. Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар өчигдөр 100 вагон дизелийн түлш оруулж ирснийг мэдэгдлээ. Замын- Үүд дэх Хилийн боомтын захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр уржигдар 49 вагон ийм түлш оруулж ирсэн аж. Монгол Улс өнгөрсөн сарын 28-ны байдлаар 71 545 тонн л шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдэгдсэнээс хойш нөөцийн талаар мэдээлээгүй байгаа юм. УУХҮ-ийн сайд саяхан “Шатахууны нөөцийн талаар мэдээлэх нь буруу” гэсэн удаатай. Өмнөх жилүүдэд УУХҮЯ, АМГТГ-аас ямар нөөцтэй байгааг мэдээлсээр ирсэн , уг нь.
Эргэн сануулахад, ОХУ-аас өнгөрсөн сарын 29- нд 117, маргааш нь 54 гээд энэ сарын 2-ны хооронд 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж мэдээлж байсан ч биелсэнгүй. УУХҮ-ийн сайд энэ сарын эхэнд УИХ-ын чуулганы атахууны нийлүүлэлт хэвийн байгаа бодит байдал айна. Иргэд нь бухимдаж, олон цагаар дугаарлаж байхад АМГТГ, УУХҮЯ-наас ядаж фэйсбүүк хуудсаараа ч болтугай нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөнгүй.