Шинэ жилийн баяр хаяанд ирж, байгууллагуудын баярын цэнгүүн эхэлж байна. Иргэн та шинэ жилийн баярт оролцохдоо дараах зөвлөмжийг хэрэгжүүлж аюулгүй байдлаа хангаарай. Өнгөрөгч Баасан гарагт цагдаагийн байгууллагад 334 зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, 2 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Цагдаагийн алба хаагчид 135 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлээд байна. Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллага, хамт олон үйл ажиллагаа тарсны дараа ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, гэрт нь хүргэх, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр бусаддаа анхаарал хандуулахыг зөвлөж байна. Баярын өдрөө харууслын нулимсаар дуусгахгүйн тулд та бүхэн хариуцлагатай байгаарай гэж ЦЕГ-аас мэдээллээ.