“Мөргөл уул” хэмээх компани өнгөрсөн намар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн хашаанд худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай 20 гаруй давхар барилга барьж эхэлсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Хотын дарга болоод удаагүй байсан Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд эрчээ авсан унтууцал, шүүмжлэлийн мөрөөр тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй газарт холбогдох албан тушаалтнуудыг дагуулан очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэрбээр энэ үедээ эмнэлэг, сургуулиудын газраас “эмтэлж” өндөр барилга барьдаг явдал сүүлийн үед гаарсныг онцлоод, цаашид үүнийг таслан зогсоохоо мэдэгдсэн юм. Нийтийн эрх ашгийн үүднээс тухайн барилгын ажлыг зогсоож, “Мөргөл уул” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахаа зарласан. Ингэхдээ аж ахуйн нэгжийг хохироохгүйн тулд газрыг нь өөр бүсэд нөхөж олгохоор холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байдаг.
Нийслэлийн Засаг дарга УНТЭ-ийн хашаанд “зочилсноос” хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрлөө. Гэсэн ч эл асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Хотын даргыг дагалдан очсон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхнаас үүнийг тодруулахад “Дэд төвийн хүрээнд төлөвлөлт хийх бүсэд тус компанид газрыг нь нөхөж олгохоор болсон. Одоогоор барилгын ажлыг нь бүрэн зогсоогоод буй” гэв. Эл компанид олгосон газрын эрхийг цуцлах, шилжүүлэх шийдвэрийг албажуулаагүй байгаа бололтой. “Мөргөл уул”-ынхан нийслэлээс тавьсан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа зогсоосон уу, эсвэл улирлын онцлогоос шалтгаалан барилгын ажлаа түр хугацаанд царцаасан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Хэрэв нийслэлээс шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэд ирэх оны хавраас барилгын ажлаа үргэлжлүүлж ч мэднэ. Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, газрыг нь өөр бүсэд нөхөн олгохоор боллоо гэхэд барилгын компанийнхан энэ шийдвэрийг эсэргүүцэн хууль, хяналтын байгууллагад хандахыг ч үгүйсгэхгүй. Хотын А бүсэд “олж авсан” газраа тийм ч амар алдахгүй, солихгүй болов уу. Магадгүй энэ асуудал манай улсад тогтсон жишгээр шүүх байгууллагаар эцэслэгдтэлээ хэдэн он дамжин сунжирсаар дараагийн Засгийн газар, хотын даргатай нүүр тулахыг үгүйсгэхгүй. Газрын наймаачид, барилгын компаниуд маргаантай асуудлыг удаашруулж, сунжруулан, хугацаа хожих замаар өөрсдийнхөө талд шийдүүлдэг тохиолдол цөөнгүй. УНТЭ-ийн газраас “алдагдсан” 1360 ам метр талбай гэхэд одоогийн эзэмшигчийнхээ мэдэлд очтол 18 жил болсон юм билээ. Энэ хугацаанд газар эзэмших эрхийн хугацааг дөрвөн удаа сунгасан бөгөөд тэр бүрдээ хэмжээг нь томсгож, эзэмшигч нь ч өөрчлөгдсөн байдаг.
Энэхүү жишээг онцлон дурдсаны учир нь “Мөргөл уул” компанийнхны барихаар төлөвлөсөн шиг 1500 орчим өндөр барилга хотын төвд сүндэрлэж болзошгүй нөхцөл бүрдээд байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамныхан зөвхөн Их тойруу орчмын 1100 га газарт, ийм тооны нэгж талбарт барилга барих зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгоод буй гэнэ. Нэгдүгээр эмнэлгийн хаяанд “бууриа засах”-аар ажлаа эхлүүлсэн барилгын компани бол тэдний нэг нь.
Их тойруу гэдэгт Баруун дөрвөн замаас Баянбүрдийн тойрог, Сансарын уулзвар, Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг буюу Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хамаардаг. Энэ бүсэд л ийм олон барилга, байгууламжийг нэмж бариулахаар зөвшөөрөл олгосон гэсэн үг. Их тойруу бол хотын А зэрэглэлийн бүс, хамгийн их төвлөрөлтэй газар. Улаанбаатар хотын зүрхэн хэсэг ч гэж архитекторууд ярьдаг юм билээ. Нийслэлийн төв цэг болсон энэ газарт төвлөрөл нэмэгдэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ихээр зөрчигдөж байна. Тиймээс Их тойруугийн төвлөрлийг задлах, худалдаа, үйлчилгээний газруудыг цөөлөх, заримыг нь нүүлгэн шилжүүлэх, барилга, байгууламж нэмж бариулахгүй байх талаархот төлөвлөлтийн мэргэжилтнүүд төдийгүй нийслэлийн удирдлагууд сүүлийн жилүүдэд “тууштай” ярьж байгаа. Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх тухай яриад цөөнгүй жил болж буй ч энэ чиглэлээр дорвитой шийдвэр ч гаргаагүй, бодитой алхам ч хийж чадаагүй. Харин ч энэ хугацаанд тус зах өргөжин тэлсэн. Дээр нь нэмээд ойр орчмын бүсэд нь олон тооны барилга, байгууламж бариулахаар холбогдох байгууллагынхан тусгай зөвшөөрөл олгочихож.
Хэрэв Их тойрууд дахин1500 орчим барилга, байгууламж баривал замын хөдөлгөөний ачаалал, иргэдийн урсгал үлэмж нэмэгдэнэ. Зарим судлаачийн хэлж буйчлан ёстой л бөгс эргэх зайгүй болно. Дагаад төвлөрлөөс үүдэлтэй олон асуудал ужгирч, хүндрэх нь дамжиггүй. Тиймээс үүнийг ямар нэг арга замаар хязгаарлаж, зогсоохоос аргагүй.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Их тойрууг төлбөртэй бүс болгож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах санаачилга гаргасан. Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд үүнийгээ тусгаж өргөн барьсан ч олон нийт эсэргүүцэж, УИХ дахь МАН-ын бүлэг иргэдийн талд зогссоноор эл заалтаа эргүүлэн татсан. Тус хуулийг өнгөрсөн пүрэв гарагт батлахдаа “Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, авто зогсоол” гэсэн бүлгийг тэр чигт нь хассаныг ажлын хэсгийн гишүүн Д.Цолмон хэллээ. Угтаа эл шийдвэр хэрэгжсэн бол Их тойрууд амьдардаг, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, барилга, байгууламж эзэмшдэг, үйл ажиллагаа эрхлэхээр газар авсан хүмүүс л хожих байв. Тухайн хэсэгт барилга барих, газар олгох явдлыг таслан зогсоогоогүй цагт төлбөртэй бүс тогтоож, автомашинуудыг хязгаарлаад нэмэргүй. Харин үүний оронд ашиглалтын даац нь хэд дахин хэтэрсэн хотын төвийн бүсэд тэнгэр баганадсан өндөр барилга барихаар зөвшөөрөл авсан компаниудыг нягтлан шалгаж, зөрчилтэйг нь түдгэлзүүлэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол нийслэлчүүд ирээдүйд эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа одоогийнхоос ч их хохирно. Тэр үед түгжрэлийг сааруулж, төвлөрлийг задлах тухай яриад ч хэрэггүй болов уу.
УНТЭ-ийн газартай холбоотой шуугиан дэгдсэнээс болсон уу, угаасаа энэ бүхнийг олж харсан байсан уу, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын төвд өндөр барилга барьдаг явдлыг бүрмөсөн зогсооно хэмээн ам гарсан. “Өмнөх алдаагаа давтахгүйн тулд шинээр барихаар төлөвлөж буй барилгуудыг Их тойруугаас гаргах, газар олголтыг хязгаарлах, их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр үүнийг хэрэгжүүлж чадах болов уу. Өмнөх Засаг дарга Д.Сумъяабазар хотын төвд зургаагаас дээш давхар барилга бариулахгүй хэмээн “том дуугарсаар” байгаад юу ч хийж чадалгүй албан тушаалаасаа буусан юм даг. Түүнийг хотын дарга байх хугацаанд нийслэлийн төвд ч цөөнгүй барилга боссон.
1500 нэгж талбарт олгосон тусгай зөвшөөрлийг бүгдийг нь цуцлах боломжтой юу. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхны мэдээлж буйгаар нягтшил, хөдөлгөөний ачаалал хэт ихтэй хэсэгт барилга барихаар зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн газрыг нэн түрүүнд өөр бүс рүү шилжүүлэх бодлого баримталж буй гэнэ. Ингэхдээ байршил, үнэ цэн зэргийг харгалзан газрынх нь хэмжээг нэмж олгох юм байна. Энэ үндэслэлээр “Мөргөл уул” компанийн газрыг өөр бүсэд нөхөж олгохоор ярьжээ. Өөр бүс гэдэгт гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд төлөвлөлт хийх гэж буй “Баянхошуу”, “Сэлбэ”, “Сонсголон” зэрэг зургаан дэд төвийн ойр орчмыг хамааруулж байгаа аж.
Харин ачаалал, хөдөлгөөн харьцангуй бага газруудад барилга барьсан компаниудын үйл ажиллагаанд өндөр шалгуур, шаардлага тавих гэнэ. Нийт талбайнхаа 70 хувьд барилга (60 хувь байсныг нэмсэн), үлдсэнд нь ногоон байгууламж, явган хүний зам зэрэг зайлшгүй төлөвлөлтийг хийх шаардлага тавих юм. Хэрэв үүнийг биелүүлээгүй бол барилгыг нь Улсын комисс хүлээж авахгүй, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбохгүй юм байх. Ирэх оноос хэрэгжүүлж эхлэх Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд газар чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасныг дээрх газрын мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг баталж, үүгээр өмчлөх, эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх харилцааг зохицуулах нь.
Энэ бүхнээс харахад Их тойрууд барилга барих “тамга даруулсан” бүх компанийн эрхийг нэг дор цуцалчихгүй бололтой. Төвлөрөл, түгжрэлийн эрчимд нөлөөлөх байдал, нийгмийн зайлшгүй хэрэгцээ зэргийг харгалзан заримынх нь эрхийг хүчин төгөлдөр үлдээж магадгүй нь. Тэгэхээр хотын захирагчийн “Шинээр барих барилгуудыг Их тойруугаас гаргана” гэх эрс шийдэмгий мэдэгдэл зарим компанид л үйлчилж, нэг хэсэг нь газраа “хамгаалж” үлдэх болоод байна. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниуд ялгавартай хандлаа хэмээн тэгш эрх ярьж, эс бөгөөс “Авлига” хороолол хэмээх нэрээрээ алдаршсан “Акуа гарден”-ы захиалагчид шиг “Төрийн байгууллагын шийдвэрээс болж бид хохирлоо” хэмээн гомдоллож, хууль, хяналтын байгууллагаар “явах”-ыг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд нийтлэлийн эхэнд дурдсанчлан шүүх тойрсон тэмцэл удаан хугацаанд үргэлжилж, нийслэлийн удирдлагын бодлого, шийдвэрүүд бүдгэрэн мартагдах эрсдэлтэй.