Бидний төлсөн татварын мөнгөнөөс ирэх онд 228 тэрбум төгрөгийг “цаас болгон” замхруулах гэж байна. Тодруулбал, ийм хэмжээний мөнгийг зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, сургалт зэрэг 47 ажилд зарцуулахаар Улаанбаатар хотын төсөвт тусгажээ. Дээрх ажлуудын 14 нь тэрбумаас давсан төсөвт өртөгтэй. 31-ийнх нь ирэх онд санхүүжүүлэх дүн 100 сая төгрөг давсан байгаа юм. Нийт мөнгөн дүн нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 20 орчим хувь буюу бараг тав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ. Бодит байдалд манай хот иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмсний үндсэн дээр хөрөнгө “босгож”, улмаар түүнийгээ салхинд хийсгэнэ гэсэн үг. Учир нь хотын төсөв бараг л бидний төлсөн татвараас бүрддэг гэхэд болно.
Жишээ нь, хотын төсвийн зарлага ирэх онд түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдэж, 2.5 их наяд төгрөгөөс давахаар болсон билээ. Үүний дийлэнх буюу 93-аас илүү хувийг татвар төлөгчдийн хөрөнгөөр бүрдүүлэх юм. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг Улаанбаатарт бүсчлэл тогтоох замаар нэмэгдүүлж, нийслэл хотын албан татварыг хоёр дахин өсгөж буй. Ийм замаар бүрдүүлэх төсвөөс зөвлөх үйлчилгээ, зураг төсөл зэрэг тодотголтой “цаас”-ыг санхүүжүүлэхээр болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан.
ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУД ҮР ДҮНД ХҮРЭХ ҮҮ
Ер нь ямар “шидтэй” зүйл хийх болоод 228 тэрбум төгрөг төсвөөс гаргуулахаар болов. Энэ талаас нь харвал, авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх гадаадын зээл, тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ авахад 1.2 тэрбум төгрөг зарцуулах нь. Улаанбаатар хот өмнө нь түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 гаруй тэрбум төгрөг зарцуулж үзсэн. Харамсалтай нь, үр дүнд хүрээгүй. Хангалттай мөнгө байсан ч олон нийтийн эрх ашгийн төлөө зориулж чадаагүй гэсэн үг. Дотоодын нөөц бололцоогоо ийнхүү ашиглаж чадаагүй эрх баригчид гадаадад “гарах”-ын тулд зөвлөх үйлчилгээ авахад хүрсэн нь зөв зүйтэй, эсэхэд эргэлзэж байна.
Мөн гараашийг нь буулгасан газарт дарга нар юу хийхээ мэдэхгүй байгаа тул 1.6 тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээ авах гэнэ. Нийслэлийн өмнөх удирдлагууд гарааш буулгасан газруудыг нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулна хэмээн удаа дараа мэдээлж байв. Гэтэл шинэ дарга нар ирснээр гарааш чөлөөлсөн газруудыг яахаа мэдэхээ больчихов уу. Тэглээ гээд энэ нь зөвлөх үйлчилгээ авах хэмжээнд хүртлээ “хүндрэхээр” ажил биш л байлтай.
Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээнд 5.2 тэрбум төгрөг зарцуулна гэсэн төлөвлөгөө ч бий. Үүнээс гадна Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд 4.8 тэрбум төгрөг зориулах юм байна. Ийм төлөвлөгөөнүүд хотод үнэндээ ямар ч шаардлагагүй талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Уг нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж бий шүү дээ. Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрлийг энэ хөгжлийн төлөвлөгөөг баримтлан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь одоо юу юунаас илүү чухал. Ийм орчин бүрдүүлээгүй байж хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулахад шууд 5.2 тэрбум төгрөг зарцуулах нь” гэж манай сонинд ярилцлага өгөхдөө дурдаж байв.
“ГАЛЗУУРААД БАЙГААЧ”
2024 оны төсөвт Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээнд 5.2 тэрбум төгрөг яагаад төсөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоос сэтгүүлч асуухад “Гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ хийлгээд л байгаа. Энэ үнэгүй хийдэг ажил юм уу. Галзуураад байгаач” хэмээн няцаасан. Ямартай ч эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга нь төсвийнхөө бодитой үндэслэл, нөхцөл байдлыг нүүр бардам тайлбарлаж чадахгүй мөртлөө сэтгүүлчийг өрийгөө аваад гарчхаж
байгаа юм. Янз бүрийн бичиг цаас, төслийн хувь заяа “цаас”наасаа бууж, бүтээн байгуулалтын шатанд хүрэлгүй төгсдөг учраас л тэрбум тэрбумаар нь зарах гээд буйг иргэд эсэргүүцээд байгааг эрхэм дарга ойл госон г үй. Уг нь явган хүний зам барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ядаж л хотоо цэвэрхэн, ний тийн эзэмшлийн талбайг халтиргаагүй байлгах гэх мэтээр иргэдийн өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай олон ажлыг хийх хэрэгцээ Улаанбаатарт бий. Цаашлаад агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон асуудал ч шийдлээ хүлээсээр буй. Гэтэл тэр бүхнийг бага багаар ч болов шийдэхийн оронд зөвхөн сонгууль хүртэл нэр цэвэр тэсэхийн тулд хотын удирдлагууд бичиг цаастай “ноцолдох”оор шийдэв үү. Эсвэл янз бүрийн бичиг цаасаар далдлан төсвийн хөр өнг өөс хумслахаар оролдож байна уу. Хамгийн гол нь янз бүрийн ТЭЗҮ, зураг төсөл, зөвлөх үйлчилгээтэй холбоотой ажлыг хийсэн талаар хотын удирдлага хэдэн арван жил ярьсаар ирсэн ч амжилттай ажил хэрэг болгосон түүх алга.
Тухайлбал, “Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах урьдчилсан судалгаа, ТЭЗҮийг өмнө нь олон удаа хийж, ашиглалтын өмнөх захиргааг ч байгуулсан. Гэтэл тэдгээрээс хийж үлдээсэн зүйл одоо нэг ч алга” гэж нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийнхэн шүүмжилж байв. Саяхны жишээ дурдахад, нийтийн тээврийн LRT төслийн ТЭЗҮийг боловсруулж, хэрэгж үү лэхэд бэлэн боллоо гэж нийслэлийн өмнөх Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэж байсан түүхтэй. Түүнээс өмнө дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэхээр бас нэлээд бичиг цаас болж, ашиглалтын өмнөх захиргааг нь ч нууцаар байгуулан, ажилчдын цалин, урсгал зардалд төсвийн багагүй хөрөнгийг үрснийг бид мартаагүй. Үүнээс гадна “Сэрүүн Сэлбэ” нэртэй дуулиант төсөл ч бий. Хотын удирдлага нэгэн иргэнтэй хамтран ийм төслийг гэнэтийн “бэлэг” мэт гаргаж ирээд, төсвийн 3.1 тэрбум төгр өгийг зарцуулахаар болж байв. Улмаар ямар ч тооцоо судалгаагүй төслөөр дамжуулан мэргэжлийн бус хүнд Сэлбэ голоор “тоглох” эрх олгохгүй хэмээн олон нийт эсэргүүцсэнээр дээрх үйл ажиллагааг зогсоосон юм.
ХАМГИЙН ТОМ НЬ МЕТРО
Ирэх онд төлөвлөсөн зөвлөх үйлчилгээн үүдээс хамгийн том төсөвтэй нь Улаанбаатарт метро барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажил.
Үүнд 180 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусган, нийслэлийн ИТХ дахь МАНын бүлэг олонхоороо түрээ барин хэдийн баталчхаад байгаа. Энэ бол метро барих мөнг ө биш. Харин “цаас үйлдвэрлэх” хөрөнгө гэдгийг санах хэрэгтэй. “Ийм хэмжээний мөнгөөр ТЭЗҮ, зураг төсөл хийхийн оронд BRT төслийн эхний чиглэлийг ашиглалтад оруулж, нийт төслийн тэн хагасыг хэрэгжүүлэх боломж той. Гэтэл зөвхөн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад 180 тэрбум төгрөг төсөвлөлөө. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, цаг хугацаагаар нь эрэмбэлэн хэрэгжүүлэх зэрэг шал гуурыг хөсөрдүүллээ” гэж нийслэлийн ИТХын төлөөлөгч Д.Гантулга төсөв хэлэлцэх үеэр хөндсөн. Тэрбээр үүнийг нийслэлийн Засаг даргын “цахилгаан” төлөвлөгөө хэмээсэн бөгөөд “Сонгуульд зориулсан үзүүлбэр маягийн хоосон амлалт” хэмээн тодотгосон юм. Улмаар нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгээс дээрх мөнгөн дүнг 50 хувиар бууруулах санал гаргасан. Ингэж хэмнэсэн хөрөнгөөс 50 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын үер, усны барилга, байгууламжийг сайжруулахад, мөн 23 тэрбум төгрөгийг түүхэн барилгуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад зарцуулах санал гаргасан ч нийслэлийн ИТХын төлөөлөгчид дэмжилгүй, “унагаасан”. Түүнчлэн 2013 онд Улаанбаатар хотод метро барих ТЭЗҮийг япончуудын тусламжтайгаар хийснийг эргэн харахыг нийслэлийн ИТХ дахь АНын бүлгийн төлөөлөгчид санал болгосон. Үнэхээр ч энэ нь хотын удирдлагын яриад байгаа шиг урьдчилсан бус, бүрэн ТЭЗҮ бөгөөд ашиглах боломжтойг мэргэжлийн олон хүн сануулж байгаа. Харин Засаг даргын орлогч П.Сайнзориг болохоор “хуучирсан” хэмээн голсон юм. “Түүнээс хойш Улаанбаатар хотын нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн.
Метроны менежментийн зөвлөх үйлчилгээ, мөн зураг төслийг хийх гэсэн хоёр багц ажил бий. Үүнд олон судалгаа хийдэг. ТЭЗҮ, зураг төсөл зөв гарч байж хөрөнгө оруулалт босгоно, өртөг, зардлаа шийднэ. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх шалтгаан нь бэлтгэл үе шат болох зураг төслөө хийдэггүй, хэт төсөөллийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулдагтай холбоотой. Хэрэгжүүлье гэхээр барилгын зураг төсөл гэх мэт бичиг баримт нь байдаггүй” гэж тэрбээр ярьсан юм. Яг үүн шиг метроны ТЭЗҮ, зураг төслийг ирэх онд шинээр боловсруулчихлаа гэхэд дараагийн нэг дарга гарч ирээд, “Бодитой зураг төсөл, ТЭЗҮ болсонгүй” гээд П.Сайнзоригтой адил яриад суухыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл ийм гинжин холбоо тасрахг үй.
БОДЛОГЫН СУДАЛГАА , ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЮУ ХИЙДЭГ ЮМ БЭ
Уг нь янз бүрийн судалгаа, тооцоо зэргийг хийлгэхийн тулд нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг өнгөрсөн онд байгуулжээ. Хотыг бүхэлд нь “харж”, шинжлэх ухааны бүх гаргалгааг шийдэх төвтэй боллоо хэмээн тухайн үед сүржигнэж байж. Жишээ нь, “Тус төв эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэн, 16 их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор хотын хөгжлийн судалгааг боловсруулж, үүнд үндэслэн бодлого, шийдвэр гаргах юм” гэж хотын удирдлага мэдээлсэн нь бий. Түүнчлэн “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойллоо.
Мөн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор хотын зорчих хөдөлгөөн, нийтийн тээврийн богино эргэлт, их, дээд сургуулиудыг нүүлгэх, гэр хорооллын бүсэд сургууль нэмж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, цаашид авах арга хэмжээний талаарх судалгаа хийгээд байна” хэмээн хотын удирдлага саяхан л ярьж байсан нь өдгөө ор тас мартагдсан бололтой. Дээрх төв нь жилд гурван тэрбум төгр өгийн төсөвтэй юм билээ. Ирэх онд ч ийм хэмжээний мөнгө зарцуулахаар хотын төсөвт тусгасан. Орон тоог нь 30 байхаар тогтоосон ч одоогоор 20 гаруй хүн ажилладаг юм гэсэн. Даргаар нь нийслэлийн ИТХын дарга асан, өдгөө нийслэлийн ИТХын төлөөлөгч Р.Дагва ажилладаг. Үнэхээр л эл төвийнхөн дээр дурдсан шиг ажилладаг юм бол ирэх оны төсөвт тусгасан зураг төсөл, зөвлөх үйлчилгээний ажлын ачааллынхаа зарим хэсгийг нь ч болов яагаад үүрсэнгүй вэ. Тэд ядаж гарааш буулгасан газрын төлөвлөлтийг ч гаргаж чадахгүй гэж үү. Бодлогын судалгааны байгууллага нь ийм зүйлийг ч хийж чадахгүй юм бол татан буулгаж, төсөв хэмнэвэл яасан юм бэ. Эл төв нь яг дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа шиг ажилгүй хэрнээ төсвийн хөрөнгийг үрээд л байна шүү дээ.
Бэлтгэсэн: М.Оч