Сүүлийн нэг, хоёр хоногт иргэд автомашиныхаа банкийг дүүргэхийн тулд ШТС-уудад шөнө дөл болтол дугаарлан, шатахуун авч байна. Шатахууны хомсдол, нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд олон нийтэд мэдээлэл өглөө.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "БНХАУ-аас энэ сард 31 500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5000 тонн нь өчигдөр Монголын хил дээр ирсэн. Өнөөдөр нийслэлд ирчихнэ. Тээвэрлэлт ямар нэг асуудалгүй. Төмөр зам, хил, гаалийнхан өдөр шөнөгүй ажиллаж байна. Иргэд дизель түлш нөөцлөх нь ихэссэн. Шатахуун түгээх станцуудад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шагладаг гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглолоо. Хөдөө рүү гарч байгаа машинуудад Товчоодоор дамжуулан хяналт тавина. Хаашаа гаргах гэж байгаа, бөөндөх гэж байна уу гэдэгт хяналт тавьж, зорилгоо тодорхой баталж чадахгүй бол хотоос гаргахгүй.
Ер нь иргэд бүгд банкаа дүүргэнэ гээд байвал үйлдвэрлэгч орон биш учраас шатахууны асуудал хэцүүднэ. Шатахуун оруулж ирсээр байгаа, цаашдаа ч оруулж ирнэ. Тиймээс ард иргэд минь битгий сандраач гэж уриалж байна. Аж ахуйн нэгжүүд захиалгаа өгч, мөнгөө төлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг дахин хэлье.
ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг биш юм. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна. Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1080 доллароор авч байна" гэв.
Ханган нийлүүлэлтийн хувьд бага зэрэг асуудал бий. Бид сард 140, 150 мянган тонн дизель шатахуун захиалдаг. Гол нь ОХУ дотоод нөөц бололцооноосоо хамаарч өмнө нь өгдөг байсан 90 мянган тонноо л нийлүүлж байна. Тээвэр асуудалгүй. 92 шатахууны хувьд удахгүй тогтворжино хэмээн нэмж тайлбарлалаа.
Мөн Монгол Улсын хувьд Онцгой байдлын байгууллага л шатахуун нөөцөлж байна. Сайдын хувьд би нөөцийн мэдээллийг гаргах нь буруу гэж үзэж байна. Тиймээс нөөцийн мэдээллийг сүүлийн гурван сард гаргаагүй хэмээсэн юм.