Монголын Эмнести Интернэшнл, Шогч бийр холбоо хамтран ХЭТТ-ын 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө V” үзэсгэлэнгээ гаргалаа. Хүн бүр эрхээ мэдэн бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг 5 дахь жилдээ дэлгэж байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 8-15-ны хооронд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд дэлгэгдэж байгаа тус үзэсгэлэнд олны танил Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр нарын 14 зураачийн 75 бүтээл тавигдсан.
Энэ жилийн шог зургийн үзэсгэлэнг ХЭТТ-ын 19-р зүйл буюу “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ жилээс үзэсгэлэнгийн шилдэг зураг шалгаруулдаг болсон байна. Өнөө жилийн үзэсгэлэнгийн шилдэг зургаар шог зохиолч шог зураач Алтангэрэлийн Амарсайханы бүтээл шалгарлаа.
Шог зургаар уран бүтээлээ туурвидаг хүмүүс хараа, сэтгэлгээ, өндөр мэдрэмж, ур чадвараараа Монголын нийгэмд гарч буй хүний эрхийн асуудлыг хэрхэн соргогоор харж дүрсэлснийг та бүхэн ирж үзээрэй.