БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэж сонирхож говь нутгаас олдсон эртний олдворууд болон эх түүхээрээ бахархан нэгэн өдрийг өнгөрүүлэв.
Тус музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4,000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэсэн байв. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд, говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлээс мөн тус музейд байрлуулжээ.
Музейд улсдаа алдартай дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудыг ч дэлгэсэн байв.