Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж буй тус форумаар Хүний эрх ба Цахим хөгжил, Хүний эрх ба Тэгш байдал, Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт сэдвээр төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын 500 гаруй төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд олон улсын хүний эрхийн өдөр тохиодог. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХЭҮК-оос “Хүний эрхийн үндэсний форум”-ыг 2005 оноос хойш зохион байгуулж ирсэн билээ.