Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6, 2022 оны эцсээс 7.5, өмнөх сарынхаасаа 0.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Улаанбаатарт өнгөрсөн сард барааны бүлгийн үнэ 9.2, үйлчилгээнийх 9.6, хүнснийх 13.5, хүнсний бус бүлгийнх 7.8 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр байсныг онцлов.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ гурав (35.1 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааных 4.2 нэгж хувиар (48.8) нөлөөлжээ. Инфляцын түвшин улсын хэмжээнд 8.6 хувь гарсны 3.6 (42 хувь) нэгж нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Эл дүн ийнхүү 8.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3, хувцас, бөс бараа, гутлынх 7.4, тавилга, гэр ахуйн барааны бүлгийнх 6.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 6.9, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 16.4, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлсөн гэнэ. Тэгвэл инфляц 8.6 хувьд хүрэхэд 3.1 (36 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410, Улаанбаатарын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бүтээгдэхүүн бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй аж. Нийслэлд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арваннэгдүгээр сард өмнөх сарынхаасаа 0.8, 2022 оны эцсээс 8.4, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.3 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ гурван нэгж хувь (32 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааных 4.6 нэгж хувиар (49) нөлөөлсөн гэлээ. Нийслэлд өнгөрсөн сард хэрэглээний сагсны 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээнээс 96-гийнх нь үнэ өмнөх сарынхаасаа нэмэгдэж, 27-гийнх нь буурч, 281-ийнх нь өөрчлөлтгүй байжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дээрх хугацаанд аймгуудад өмнөх оны мөн үеийнхээс 5.8-9.8 хувиар өссөн аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 11 дүгээр сард Хэнтий аймагт 5.8 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангайд 9.8 хувиар дээшилсэн нь хамгийн өндөрт тооцогдов.