2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр 10.00 цагт орон даяар монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ. Шалгалт авах байр нийслэлд зургаа байна. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх нэг, зургаа, 23, 39, 45, 57 дугаар сургуульд шалгалт авах байр нээжээ. Энэ удаагийн шалгалтад 5645 төгсөгч оролцож буй аж. Уг тоо нь өнгөрсөн өвлийнхөөс 300 орчмоор нэмэгдсэн дүн юм.
Оролцогчдын олонх буюу 3463 нь математик, 3124 нь нийгэм судлалын шалгалт өгнө. Харин орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 133 хүн шалгалт өгөх юм байна. Монгол хэл, бичгээс гадна өчигдөр түүх, англи хэлний шалгалтыг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас хими, 13.00-аас газар зүй, 16.30-д нийгэм судлалын шалгалт авах гэнэ. Маргааш биологи, математик, орос хэл, нөгөөдөр буюу энэ сарын 10- нд физик, монгол хэлний хичээлээр оролцогчид мэдлэгээ сорьсноор энэ өвлийн элсэлтийн шалгалт өндөрлөх юм.
Шалгалтын дүн гарсны дараа оролцогчид жилд хоёр удаа элсэлт авдаг их, дээд сургуульд суралцах боломжтой. Одоогоор улсын томоохон их, дээд сургуулиудаас МУИС бакалаврын түвшний хаврын улирлын элсэлтээ эхлүүлжээ. Үүнд тэнцсэн тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас тус сургуулийн оюутан болох нь. Түүнчлэн хувийн хэвшлийн хэд хэдэн сургууль ч бакалаврын түвшиндээ элсэлт авч эхэлсэн байна. Энэ удаад шалгалт өгсөн төгсөгчдийн дүн хоёр жил хүчинтэй. Тийм учраас 2024-2025 оны хичээлийн жилд, түүний дараа онд нь ч их, дээд сургуульд элсэх боломж нь нээлттэй байх аж.
Бэлтгэсэн: М.Оч