-Утаа яагаад буурахгүй, улам ихээр нэмэгдээд байна вэ?
-Нэгдүгээрт хүйтэн, хоёрдугаарт салхигүй байна.
-Агаарын бохирдлыг бууруулах ажлыг салхи хийх ёстой гэж үү?
-Яг үнэндээ салхитай үед л утаа багасдаг шүү дээ. Үнэнийг л хэлье. Байгаа бололцоо нь энэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэгэн сэтгүүлчийн асуултад саяхан ийнхүү хариулж байв. Тэгвэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэд хоногийн өмнө “Ойрын өдрүүдэд салхигүй, тогтуун байгаа учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн бас ярилаа.
Утаа эрс ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд хүрсэнд иргэд бухимдаж эхэлмэгц нийслэлээс ийм тайлбар хэлэв. Мөн салхины хурд секундэд долоон метрээс бага үед агаар бохирдуулагч бодисууд нам дор газарт хуралдаж, үзэгдэх орчин хязгаарлагддаг гэсэн “шинжлэх ухаанч” тайлбар бүхий мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээх боллоо. Сайд, дарга нарын өгч буй, холбогдох байгууллагынхны түгээж байгаа мэдээллүүд нь “Агаарын бохирдол ихсээгүй, зүгээр л ингэж харагдаж, санагдаж буй юм” гэсэн далд утга санаатай мессежийг олон нийтэд хүргэх болов. Утаа ихсэж, багасах нь цаг агаараас, салхинаас л шалтгаалдаг, тиймээс сүр бадруулах хэрэггүй хэмээн иргэдийг тайвшруулах гэсэн үйлдэл хэмээн харж болохоор. Ер нь тэд сүүлийн жилүүдэд, агаарын бохирдол ихсэж, иргэдийн унтууцал, шүүмжлэл даамжраад ирэхээр л ийм мэдээллээр “гал унтраадаг” болсон. Цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд нь хүртэл жирийн иргэд ойлгохооргүй хүнд, толгой эргэм үг хэллэг ашиглан байж “Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, нам дор газар байрладаг учраас өвөл дулаан, салхигүй үед утаа эрс нэмэгдсэн юм шиг харагддаг” гэсэн утгатай мэдээлэл тарааж байв. Агаарын бохирдлын асуудал хариуцсан албан тушаалтнууд, шат шатны байгууллагынхан бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, нуун дарагдуулах “хүсэлтэй” нь энэ мэт үйлдлээс илт харагдах боллоо. Ингээд зогсохгүй агаарын чанарын талаар үнэн, бодитой мэдээлэл авах иргэдийн боломжийг хааж, төөрөгдүүлж буй нь харамсалтай.
“ХУДАЛЧ” АППЛИКЭЙШН
Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэд agaar.mn цахимхуудас болон аппликэйшнээс авдаг. Нийслэлийн аль бүсэд хамгийн их утаатай, хаана агаар цэвэр байгааг байршил тус бүрээр, чанарын үзүүлэлттэй нь дэлгэрэнгүй харуулдаг, дотооддоо ашигладаг вэб сайт, аппликэйшн одоохондоо үүнээс өөр үгүй. Эдгээр нь БОАЖЯ-нд харьяалагддаг бөгөөд мэдээлэл, дүн шинжилгээг нь нийслэлийн хэмжээнд буй агаарын чанарын суурин харуулуудад үндэслэн Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын Орчны шинжилгээний хэлтсийнхэн хянаж, оруулдаг юм. Иргэд цахим хуудсаас илүү аппликэйшнийг нь түгээмэл ашигладаг. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар эл систем нь нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг цаг тутам шинэчлэн харуулдаг гэх. Гэвч үе үе, ялангуяа утаа ихэссэн цагаар agaar. mn вэб сайт болон аппликэйшн дэх үзүүлэлтүүд огт хөдөлгөөнгүй болчихдогийг гярхай хэрэглэгчдийн зарим нь анзаарчээ. Ингэхдээ ихэнх байршлыг “шар”, “ногоон”, “улбар” шар өнгөтэй харагдуулдаг гэнэ. Эдгээр өнгө нь агаар цэвэр, хэвийн, бага бохирдолтой байгааг илтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, утаа бага, бохирдуулагч бодисын хэмжээ хэвийн түвшинд буй гэсэн мессежийг иргэдэд өгдөг байна.
Улаанбаатар хотын агаарын чанар энэ сарын эхээр илт муудсан. Гадаа удаан алхахад хоолой, цээж хорсож, салхивчаа нээхэд хурц үнэр сэнхийж буйг нийслэлчүүд ярьж байлаа. Хамгийн сонирхолтой нь, “Аgaar” аппликэйшн энэ үеэр гацаж доголдон, илт зөрүүтэй үзүүлэлтүүд харуулжээ. Үүнийг анзаарсан зарим иргэн “Хоолой хорсгосон их утаатай байхад л агаар цэв цэвэр гэж мэдээлэх юм, ямар учиртай вэ” хэмээн асуусан байв. Магадгүй эдгээр “ухаалаг” систем ч “Салхигүй учраас л агаарын бохирдол ихэссэн юм шиг харагдаж байгаа юм” гэж ярьдаг сайд, дарга, мэргэжилтнүүдийнхээ “чиглэл”, даалгавраар иргэдэд ташаа мэдээлэл түгээдэг байж ч болзошгүй нь. Ингэж хардах үндэслэл, шалтгааныг иргэд хангалттай хэлж буй юм.
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХАРШ ИНДЕКС
Iqair, aqicn зэрэг цахимхуудас (ижил нэртэй аппликэйшнтэй)-ууд дэлхийн хотуудыг агаарын чанарын үзүүлэлтээр эрэмбэлж, хамгийн их бохирдолтойг нь “алдаршуулдаг”. Монгол Улс энэ жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх тохиолдол цөөнгүй. Энэтхэгийн хотуудтай ана мана өрсөлдөж, тэргүүлсэн нь ч олонтоо. Тэр болгонд монголчууд “Пээ, паа” болоод л өнгөрдөг. Гэтэл бодит байдалд бид олон улсын сайт, аппликэйшнд үзүүлж байгаагаас ч бохир, хортой агаараар өдөр тутамдаа амьсгалж байдаг аж. Яагаад гэхээр манай улс агаарын чанараа олон улсын жишгээр үнэлж, мэдээлдэггүй. Дэлхийн орнуудад нийтлэг ашигладаг стандарт, аргачлалыг ч дагадаггүй юм байна.
Олон улсын жишигт агаарын чанарын индекс (AQI)-ийг зургаан түвшинд хуваадаг. Бохирдуулагч бодисын хэмжээнээс хамаараад сайн, хэвийн, мэдрэмтгий хүмүүст нөлөөлөхүйц, бохирдолтой, маш их бохирдолтой, аюултай хэмээн ангилдаг аж. Агаарын чанарын индекс 101-150 бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц хэмжээний бохир гэж үздэг юм байна. Харин Монгол Улсад 101-200 байхад л бага бохирдолтой хэмээн үнэлсээр. Дэлхийн хотууд агаарын чанарын үзүүлэлтээ 300-гаас давбал маш их бохирдолтой буюу аюул дагуулах хэмжээнд хүрсэн гэж үздэг бол Улаанбаатарт 401-ээс дээш буй үед л ингэж тодорхойлдог байх нь. Тодруулбал, агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн үнэлэх индексээ дэлхийн дунджаас 100 нэгжээр өндөр тогтоосон гэсэн үг. Вашингтон, Улаанбаатар хотын агаарын чанарын индекс яг ижилхэн 300 байлаа гэхэд америкчууд үүнийг маш их бохирдолтой гэж үзэх бол монголчууд бохирдолтой (үүний дараах нь их бохирдолтой, маш их бохирдолтой) хэмээн дүгнэх нь. Тэгэхээр бид агаарын чанарын суурин харуул, аппликэйшн, вэб сайтуудын мэдээлэлд итгэж, тайвшрах аргагүй юм байна.
САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД “ЗОРИУЛАН” ЖУРМАА ӨӨРЧИЛСӨН ҮҮ
Зарим нь дэлхийн хотуудын агаарын чанарын индексийг хооронд нь жиших өрөөсгөл, бохирдуулагч бодисын төрөл, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй хэмээн бодож магадгүй юм. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн болон цаг уурын байгууллагаас агаарын чанар хүний эрүүл мэндэд нөлөөлж эхлэхүйц босго индексийг 100-гаар тогтоож, аюултай түвшнийг нь 300-гаас дээш хэмээн тодорхойлсноос монголчууд дэлхий нийтийн жишгээс хол зөрүүтэй үнэлгээ хийдгийг харж болно. Хамгийн хачирхалтай нь, манай улс 2018 он хүртэл агаарын бохирдлын хэмжээгээ олон улсын жишиг, стандартын дагуу үнэлдэг байснаа тухайн жилийн төгсгөлд өөрчилчихсөн юм байна. Тухайн үед БОАЖ-ын сайд байсан Н.Цэрэнбат “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”-ыг шинэчлэхдээ өөрчлөлтүүд оруулж, холион бантан хутгажээ. Энэ үед Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор шийдчихсэн, дээр, дооргүй бужигнаж байж. Тиймээс гэнэтийн, муйхар гэж хэлж болохоор энэ өөрчлөлтийг сайжруулсан түлшний үр дүнг сайнаар харуулах, УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл хангах зорилгоор хийсэн ажил хэмээн хардах хүн цөөнгүй байдаг юм билээ. Тийм байхыг ч үгүйсгэхгүй.
Монгол Улс дэлхий нийтээс гажууд, өөр аргачлалаар агаарын чанараа үнэлж буйг судлаач, мэргэжилтнүүд төдийгүй жирийн иргэд хүртэл анзаарч эхэлжээ. “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагынхан агаарын чанарын мэдээлэлд итгэх үндэсгүй, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн байхад ч бодитоор танилцуулдаггүйг энэ цаг үед хамгийн “чангаар” хөндөж буй. Уржигдархан нийслэлийн нэгэн иргэн мөн энэ талаар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Олон улсад бохирдолтой гэж үнэлдэг үзүүлэлтийг манай Засгийн газар бохирдолгүй хэмээн мэдээлж, иргэдээ хохироодог” гэж ярьсан юм.
БОДИТ БАЙДЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ЧУХАЛ
Агаарын чанарыг тогтмол хянаж, мэдээлэхийн гол ач холбогдол нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах юм. Олон улсын жишиг индексийн ангилалд “Хэт мэдрэг хүмүүст нөлөөлөхүйц” гэсэн ангилал байдаг. Эрүүл мэндийн шалтгаантай, мэдрэг хүмүүс ийм үзүүлэлттэй үед өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Гэхдээ үүнээс чухал нь агаарын бохирдлын талаар үнэн, бодитой мэдээллийг найдвартай эх сурвалжаас тогтмол авах юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын түвшин ямар байна вэ гэдгийг мэдэх нь ач холбогдолтой. Мөн агаар бохирдуулагч бодисын хэмжээ гамшгийн түвшинд хүрсэн үед үүнтэй холбоотой мэдээлэл дамжуулагчид нь иргэдийн хувьд дохиолол хамгааллын системийн үүрэг гүйцэтгэх чухал зүйл. Харин энэ нь бодит мэдээлэл дамжуулж чадахгүй бол эсрэгээрээ иргэдийг хамгийн их хохирооно.
Агаарын бохирдлын талаарх мэдээллийг нуун дарагдуулж, олон улсын жишиг, аргачлалыг үгүйсгэж, бодит үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад манай улсын Засгийн газар утааг бууруулахад биш, иргэдээ хууран мэхлэхэд л ихээхэн “ач холбогдол” өгдөг бололтой. Уг нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралт буурахгүй, хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн энэ үед бодит байдлаа хүлээн зөвшөөрч, оновчтой арга хэмжээ авах нь хамгийн чухал юм сан.