Цаг агаарын аюулт үзэгдэл болж байгаатай холбогдуулан, Улсын онцгой комиссоос шуурхай мэдээлэл өглөө.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ “Өчигдөр оройноос эхлээд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхины үзэгдэл явж байна. Өнөөдөр говийн аймгуудаар үргэлжилнэ. Өнгөрсөн шөнөөс эхэлсэн хүчтэй салхины хурд Ховд аймгийн Зэрэг, Дарви, Говь-Алтай аймгийн Тонхил зэрэг суманд секундэд 28-34 м хүрч, хүчтэй шуурсан үедээ 43 м секунд хүрч, цаг агаарын гамшигт үэгдлийн хэмжээнд хүрч байна. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Завхан, Булган аймгийн нутгаар үргэлжлээд цасан шуурга шуурах, Говийн аймгаар шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зарим зам даваагаар зорчиход хүндрэлтэй болсон тул аймгууд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж эхэллээ.Тиймээс өнөө маргаашдаа хол замд гарахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Өнөөдөр 12.00 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймагт 20 гаруй айлын гэр, байшингийн дээвэр нурсан. Ховдын Манхан сумаас чиглэлтэй 35 кВт-ын цахилгааны тулгуур багана унасан мэдээллийн дагуу баруун бүсийн эрчим хүчний шуурхай албаныхан ажиллаж байна. Мөн өчигдөр Увс аймгаас Ховд аймгийг хангадаг 110 кВт -ын цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарчээ. Ингээд нийт хоёр аймгийн 8 сум цахилгааны хязгаарлалттай байна.