Саудын Арабын хаант улс 2024 онд НҮБ-ын Цөлжилтийн конвенцийн талуудын XVI бага хурлыг зохион байгуулна. Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
Харин Монгол Улс 2026 онд НҮБ Цөлжилтийн талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хоёр улс харилцан биенээ дэмжих болон Монгол Улсад "Газрын доройтлын Төв Азийн судалгааны төв"-ийг байгуулах, СОР16, СОР17 бодлого, төлөвлөлтийг нэгтгэн зохион байгуулахад хамтран ажиллах ажлын хэсгийг байгууллаа.
Цөлжилт нь XXI зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлэх боллоо гэж улс орнуудын төлөөлөл салбар хуралдаануудаар хөндөж байв.
Түүнчлэн Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна. Үүнээс хамгийн том асуудал нь Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулын экосистемүүд мөн хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалах асуудал ч хөндөгдөж байна.