УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний шат өчигдөр гурав дахь өдрөө үргэлжлэв. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой дараах найман дэд сэдвийн хүрээнд сонсголыг явуулсан бөгөөд 87 гэрч дууджээ. Үүнд:
1. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
2. Цанхийн хэсгийн ашиглалтын
хайгуулын өрөмдлөгийн 13 000 тууш метр
ажлыг хийж гүйцэтгэх
(“Эрдэнэдрийлэнг” ХХК)
3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах
4. Автогрейдер (CAT14M) худалдан авах (“Барловорлд Монголиа” ХХК)
5. Micromine, эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
6. “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх багц”- 1 (Уулын ажил, өрөмдлөг, тэсэлгээ, “Хишиг-Арвин индустрал”, “Олборлолт” ХХК)
7. Харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх (“Чин хутаг өндөр” ХХК шалгарсан, 2019)
8. Цанхийн баруун уурхайгаас нүүрс ачих гүйцэтгэгчийг шалгаруулах
(“Мултипак” ХХК) багтаж буй.
Тус сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон түүний дараа тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон Я.Батсуурь нар оролцож, тайлбар хийсэн юм. Б.Энэбиш “Эрх баригч нам солигдохоор нөгөөхөө үгүйсгэдэг Монголын “дэг, жаяг”-ийн дагуу намайг ажлаа өгсний дараа нэр хүндийг харлуулж эхэлсэн. Өнөөгийн МАН, АН хоёр 2008 онд иргэдэд мөнгө, хувьцаа өгнө гэж сонгуульд ороод, дараа нь хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан. УИХ, Засгийн газрын тэр үеийн шийдвэрээс би, хамт олон маань огт зөрөөгүй. Ажлаа өгчхөөд, Австралид амьдардаг охин дээрээ очсон хойгуур баахан асуудал үүсгэсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна лээ. Уг нь тэнд зургаа, долоон сар болчхоод ирэх гэж байтал намайг хэлмэгдүүлэх шинж илт мэдэгдэж эхэлсэн. “Шударга бусын хонгил”-оор явах эхний хүмүүсийн нэг болох нь гэдгээ мэдсэн учраас тэнд гэр бүлээрээ хэдэн жил амьдарсан юм.
Гэхдээ тухайн үед хуулийн байгууллагаас тайлбар, мэдээлэл авна гэж нэг ч удаа хандаагүй. Ямар нэгэн байдлаар надтай холбоо тогтоохыг зорьж, Монголд байсан эцэг, эхээр маань дамжуулаад ч атугай хэлж болох л байсан. Би оргон зайлаагүй. Эх орондоо ирээд гурван жил болж байна” гээд шаардлагатай бүх мэдээллийг дэлгэрэнгүй ярихад бэлэн хэмээсэн юм. Харин Я.Батсуурь “Намайг тус компанийг удирдаж байхад “Эрдэнэс Тавантолгой”-д эзэн суух гэсэн санаархал манай томоохон бүлэглэлүүдээс гарч байсан. Тодорхой хэлбэл, энэ санаачилгыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс гаргасан юм. Удахгүй нүүрс нь үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм гэх мэт пиарыг хүчтэй явуулсан. Ингээд 2015 оны сүүлчээр Монголын болон Хятадын компаниудыг 100 жилийн хугацаагаар оператор болгох ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар намайг томилсон юм. Анхны хуралд оролцохдоо үүнийг эсэргүүцсэн учраас долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Нэг сарын дараа надад эрүүгийн хэрэг үүсгэн, хорьж, хоёр сарын дараа нөгөө компаниудыг олон жилээр оператороор ажиллуулах тухай төслийг УИХ-д оруулсан” гэв.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг тус сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ өгсөн ч тус түр хорооны дарга Б.Энхбаяр татгалзав. Тэрбээр “Tүр хорооноос 170 хүнийг гэрчээр дуудсаны дотор Б.Ганхуяг багтсан. Түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьж байгаа гэсэн агуулгатай бичгийг прокурорын байгууллагаас ирүүлсэн. Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй” хэмээн тайлбарласан юм. Уг нь сонсголын өнгөрсөн өдрүүдийн хуралд хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй хүмүүс биечлэн оролцож, тайлбар хийсэн билээ.