Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох болон холбогдох бусад албаны хүмүүс “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын талбайд арванхоёрдугаар сарын 5-ны өдөр ажиллалаа. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд төслийн талбайд бүрэн бууж, нийт гүйцэтгэл 92 хувьтай явагдаж байгаа талаар төслийн нэгж танилцуулсан. Үлдсэн ажлыг 2024 оны I улиралд багтаан дуусгаж, сүлжээнд залгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Өргөтгөлийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “TBEA” ХХК гүйцэтгэж байгаа юм. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар нийт 300 орчим Монгол, Хятад, Вьетнам ажилтан уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Дэд сайд М.Баярмагнай “Монгол Улсын зүүн бүс нутагт өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, ашигт малтмал, аж үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжилд өндөр ахиц гарна. Төсөл хэрэгжих хугацаанд цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн ч ажил зогсолгүй үргэлжилж, гэрээний хугацаанд сүлжээнд залгахаар ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ. Мөн хэд хэдэн туршилт хийж, сүлжээнд залгах үеийн төлөвлөгөөг нарийн боловсруулж батлуулахыг даалгажээ.
Тус өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд инженер техникийн ажилчдыг бэлдэх, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг хүний нөөцийн чиглэлд р анхаарч ажиллаж байна.