Сайжруулсан түлшний талаар иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Нийслэлийн иргэдийн тулгамдсан хэд хэдэн асуудлын нэг нь сайжруулсан түлш болон утаа. Энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Иргэд угаартаж, амиа алдаж эхэлсэн. Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан гэсэн мэдээлэл байна. Бидний ярьж байгаа зүйл албаны эх сурвалжтай. Гэтэл албаныхан угаартсан болон нас барсан хүний тоог ил тод мэдээлэхгүй, нууцалдаг. Манай улс агаарын чанарыг үнэлэхдээ олон улсын жишгээс бууруулж тооцдог. Улмаар зарим улс орны мэргэжилтнүүд манай үнэлгээний эх сурвалж, мэдээлэлд үндэслэж судалгаа хийдэг байснаа больсон. Мөн сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн мэдээллийн сурталчилгаанд жилд 10 тэрбум төгрөг зарцуулж байна.
Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэрийг баталснаас хойш сайжруулсан түлшинд гурван их наяд төгрөгийн хөрөнгийг улсын төсвөөс гаргажээ. Үүгээр эрчим хүчний шинэ эх үүсвэр болох дулааны цахилгаан станц хоёрыг ч барих боломжтой. Эрх баригчид урт хугацааны ийм үр дүнтэй зүйлд санаачилга гаргахгүй, харин өөрсдийн эрх ашигт нийцүүлж, бараг бүх зүйлийг түр зуур аргацаадаг” гэв. Мөн“Сүүлийн үеийн судалгаагаар уушгины хавдар, бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн байна. Үүний гол шалтгаан нь сайжруулсан түлш байх. Нас баралт цэрэг дайны байдалтай орнууд шиг болсонд харамсдаг. Үүнд эрх баригчид анхаарах цаг болсон” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.