БОАЖЯ-ныхан сар бүрийн эхний долоо хоногт цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, хэрэгжүүлж буй ажил, бодлого, шийдвэрийнхээ талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ оны сүүлчийн хэвлэлийн хурлаа тэд өчигдөр зохион байгууллаа.
Тус яамны Салбарын хяналтын газрын байцаагчид техникийн хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон ойн мэргэжлийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулав. Нийслэлд авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 215 аж ахуйн нэгжээс сард дунджаар 43 000 тонн орчим техникийн хаягдал тос гардаг бөгөөд үүний 40 хувийг нь л аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий “Хай би ойл”, “Монпити ойл” ХХК хүлээж авдаг байна. Үлдсэн буюу ихэнх хаягдлыг нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй хувь хүмүүс, барилгын материалын үйлдвэр, замын компани, түлш хийдэг газруудад өгдөг, эсвэл зориулалтын бус орчинд хадгалдаг гэнэ. Цаашдаа аюултай хог хаягдлыг стандартын дагуу хадгалах, тээвэрлэх асуудалд хяналт тавих шаардлагатайг мэргэжилтнүүд энэ үеэр дурдлаа.
Ойн салбарт үйл ажиллагаа явуулдаг 287 байгууллага, 2524 иргэнийг хамруулсан хяналт шалгалт хийхэд 532 зөрчил илэрчээ. Улсын ахлах байцаагчийн заалт бүхий 143 шаардлагыг тэдэнд хүргүүлж, 1700 шоо метр модон материал, 8493 кг дагалт баялаг, 13 автомашин, хоёр тоног төхөөрөмжийг шалгалтын явцад хураан авч, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 112 сая төгрөгийн торгууль, 217 саяын нөхөн төлбөр ногдуулан, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас нийслэлчүүдийн ундны усанд хийсэн шинжилгээний үр дүнг хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд мэдээлэв. Гэр хороололгүй, орчны бохирдол харьцангуй бага гэж үздэг Зайсан орчмын орон сууцын хотхон, хорооллынхны ундандаа хэрэглэж буй уснаас элдэв төрлийн нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрснийг албаны хүмүүс хэллээ. Эдгээр нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, хөрсний бохирдол, үерийн усны тархалт зэргээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.