БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг. Ээлжит “Хэвлэл мэдээллийн бага хурал”-ын үеэр Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох зүйл, 2023 оны өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий прогноз, байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтад тавьж буй хяналт, хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, ундны усны бохирдлын асуудлаар цаг үеийн хяналт шалгалтын дүнг мэдээлэв.
Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсныг Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэв.
Мөн нитрат,ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхааруулав. Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй гэнэ.