БОАЖЯ-ны Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн гарчээ.
Монгол Улсын хэмжээнд 1.100.000 авто машин, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 650.000 орчим авто машин тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэх судалгаа байх бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн жилд хэрэглэж байгаа тос тосолгооны материалыг жилд дунджаар өвөл зун гэсэн ээлжээр хоёр удаа солиход улсын хэмжээнд 9.600.000 литр, нийслэлийн хэмжээнд 5.200.000 литр тос тосолгооны материал, 2 жилд нэг удаа 1.100.000 ширхэг аккумлятор хэрэглэдэг байна.
Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай “Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыгтээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто засвар-215, автомашины хаягдал цэнэг хураагуур /хаягдал аккумлятор/ тээвэрлэх, цуглуулах, түр хадгалах, дахин боловсруулах үйлдвэр-8, хосолмол хөдөлгүүртэй приус 20, 30 маркийн автомашины батарей /NIMH/ батарей экспортлох үйл ажиллагаа эрхлэгч-1, хаягдал тос цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах үйлдвэр-4, хоёрдогч түүхий эд авах цэг-25, бусад -23 нийт 293 обьектын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Авто засварын үйл ажиллагаа явуулж буй 215 аж ахуйн нэгж, иргэний 137 буюу 64 хувь өөрийн байранд, 77 буюу 36 хувь түрээсээр, хоёрдогч түүхий эд авах цэг буюу 25 иргэн төмөр чингэлэгт үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар /агрегат засварын/-ын үйл ажиллагаанаас сард 43000 тн орчим техникийн тос гардаг ба 40 орчим хувь нь аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий Хай Би Ойл ХХК, Монпити ойл ХХК-иудад гэрээ байгуулан хүргүүлдэг, 128 буюу 60 хувь нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй, барилгын материалын /блок/ үйлдвэр, замын компани, түлш хийдэг газар /нэр нь мэдэхгүй/, хувь хүмүүст өгдөг, өөрийн ажлын байранд хадгалдаг байна. 2022 онд нийт 85 обьект 466153 кг хаягдал тосыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад гэрээ байгуулан шилжүүлсэн байна.