Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр “Монголын бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар Монголын бизнесийн орчин дунджаас доогуур (2.6) үнэлэгджээ. Гурван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү судалгаанд 21 аймаг, нийслэл хот, олон салбарыг хамруулж, 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр судалдаг байна.
Тодруулбал, 2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурчээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан байна. Ерөнхий 5 орчны үнэлгээг авч үзвэл засаглал, хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага ба 2.40 байна. Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзлээ.
Харин 2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлжээ. Түүнчлэн Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал гэдгийг онцолжээ.
Судалгааг МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран 2023 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулжээ.Олон улсын судалгаагаар эдийн засгийн хямралын дараа бизнесийн сэргэлт, өсөлт өргөжилт, удаашрал гэсэн үе шатуудыг дамждаг ба S&P500 компаниудын мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийхэд 1960-2019 онд 7 хямрал, 7 сэргэлт, 12 өсөлт, 11 удаашрах үе шатууд тохиож байв.
Монгол Улсын эдийн засаг 2019 оныг дуустал дунджаар 8 орчим хувиар өсөж байсан бол цар тахлын сөрөг нөлөөгөөр агшиж, 2023 оны III улиралд 6.9 хувиар өсжээ. Олон улсын судалгаагаар сэргэлтийн дараа эдийн засгийн өсөлт өргөжилтийн үе хүлээж байдаг байна.