Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр болон чиглүүлэгч Э.Цэнгэлмаа нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэднийг албан тушаалаа урвуулж, бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсний хариуд хахууль авсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 22.4-2-ын нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-1 дэх хэсгийн хахууль өгсөн гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн аж.
О.Сайнбаяртай хамт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба нарыг шалгаж байгаад тусгаарлан шүүхэд шилжүүлсэн гэнэ. Харин Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба нарыг АТГ-т үргэлжлүүлэн шалгасаар буй юм.
Нэр дурдсан албан тушаалтнуудыг хясан боогдуулах замаар бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьснаас 284-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдгээрт эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, өмчлөх эрхийн эсрэг 69, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, хүрээлэн буй орчны эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, мөрийтэй тоглоом зохион байгуулсан тав, авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны дотор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай холбоотой үйлдэл багтсан юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон