-“Засаг даргаар гурван жил ажиллахдаа гадаадын нэг ч компанид газар олгоогүй, бусад Засаг дарга ч өгөөгүй гэж бодож байна”-
УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний шат өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ удаа “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа, газар олголт, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсон, түр хорооны гишүүд гэрчүүдэд асуулт тавьж, хариулт, тайлбар авлаа. Тус сонсголд 168 гэрч дууджээ.
Эдгээрээс газар олголттой холбоотой асуудлаар 39 гэрч дуудсан бөгөөд сонсголын эхэнд энэ сэдвийн хүрээнд баримтыг судлан, шинжлэв. Өмнөговь аймгийн Ханбогд сумд газар олголттой холбоотой анхаарал татсан хоёр асуудал байгааг шинжээч онцолсон. Тодруулбал, юуны түрүүнд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байхад газрыг нь олгосон явдал түгээмэл байсан бол гаалийн хяналтын бүсэд 1-40 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй хэмээв.
Ингэхдээ нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмшиж байгаа компаниуд нь гадаадын иргэн, хуулийн этгээдийн, бүр 100 хувийн хөрөнгө оруулалттайг тодотгосон юм. Тухайлбал, 2020-2022 онд олгосон газрыг шалгахад гадаадын хөрөнгө оруулалттай 38 этгээдэд 457.3 га газрыг олгосон байна. Тухайлбал, “Качнис ложистик”, “Соронзон говь”, “Синотрак хово транс”, “Өртөөчин тайж”, “Их даваа уул”, “Трейд инвестмэнт групп”, “Жи Пи Жи Ди”, “Талын ургах наран” зэрэг нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай аж. Мөн ийм төрлийн хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газар өгчээ. Түүнчлэн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байгааг хэлэв. Үүнээс гадна дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 75 аж ахуйн нэгжид 3.7 тэрбум төгрөгийн актыг аудитын байгууллагаас тавьсан байдаг ч хэчнээн төгрөг төлсөн талаарх мэдээллийг тус сумын удирдлага, ажил хариуцсан хүмүүс нь өгөөгүй гэнэ.
Гадаадын хөрөнгө оруулалттай 38 этгээдэд газар олгосон гэх баримт нь сонсголын үеэр анхаарал татсан юм. Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”, Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж заасан. Мөн Газрын тухай хуульд газрыг дуудлага худалдаагаар олгох зохицуулалтыг тодорхой тусгасан байхад 2022 оныг дуустал эл заалтыг зөрчиж байсан баримтуудыг нэрлэсэн юм.
Сонсголын үйл явцаас тоймлон хүргэж байна.
Б.Энхбаяр (түр хорооны дарга): -Үндсэн хуулийн 6.5-д юу гэж заасныг та мэдэх үү?
Х.Нэхийт (Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга): -Мэднэ. Би Засаг даргаар гурван жил ажиллаж байна. Гадаадын нэг ч компанид газар олгоогүй. Бусад Засаг дарга ч олгоогүй гэж бодож байна. Ер нь дуудлага худалдаа явуулахдаа орон нутгийнхандаа аль болох давуу тал олгох бодлого барьж ирсэн. Газрыг авчхаад дараа нь шилжүүлээд байх шиг. Миний олгосон газруудыг гадаадын хөрөнгө оруулалттай компани авсан гэх мэдээлэл байхгүй. Тухайн компанийн цаана ямар хувь, эзэмшил байдаг нь газрын мэдээллийн нэгдсэн сангаас харагддаггүй.
Б.Энхбаяр: -Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаагаар олгодог вэ. Ер нь газрыг хэдэн жилээр эзэмшүүлдэг юм бэ?
Х.Нэхийт: -Таван жилээр ашиглуулдаг. Монголын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх хугацаа нь 15 жил. Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх хууль, эрх зүйн орчин байхгүй.
Б.Энхбаяр: -Тэгвэл таны захирамжаар гадаадын иргэд газар эзэмшээд байгаа нь ямар учиртай юм бэ?
Х.Нэхийт: -Хянагч, шинжээч нар буруу ажилласан байна. Миний зөвшөөрөл олгосон компаниуд бүгд монгол.
Б.Энхбаяр: -“Тавантолгой” компаниас нүүрс ачилт, буулгалтын зориулалтаар 10 га газар худалдан авах тендер зарлаж байж. Үүнд таны захирамжаар газрын гэрчилгээтэй болсон компаниуд оролцсон байна. Үнэлгээг нь харвал компаниуд 10-11 тэрбум төгрөгийн санал гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зарж, худалдан борлуулж болдог юм уу?
Х.Нэхийт: -Тухайн аж ахуйн нэгж газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх нь нээлттэй. Болохгүй гэсэн зүйлгүй. Тендер зарласан компани нь үнийн саналаа 10 тэрбум гэж хэлсэн юм билээ.
Б.Энхбаяр: -Та энэ олон захирамжийг гаргахдаа мөнгө авч байсан уу?
Х.Нэхийт: -Мөнгө авч байгаагүй. Буруу ойлгоод байна. Олон жил үйл ажиллагаа явуулж, дээр нь тодорхой бүтээн байгуулалт хийчихсэн компаниуд газраа ингэж үнэлсэн байх. Мөн “Тавантолгой” компаниас 10 тэрбум төгрөгийн үнэ хэлсэн шүү дээ.
Б.Энхбаяр: -Таныг аль намаас, хэн томилсон бэ?
Х.Нэхийт: -МАН-аас нэр дэвшүүлж, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж томилсон.
Б.Энхбаяр: -Та МАН-ын хэн гэдэг хүнтэй холбогдож, энэ албан тушаалд очсон бэ?
Х.Нэхийт: -Сумын Засаг даргаар томилогдохын тулд хэн нэгэн хүнтэй холбогддоггүй. Сумын ИТХ-ын олонхын шийдвэрийг аймгийн Засаг дарга баталгаажуулдаг.
Б.Энхбаяр: -Газар зарж олсон мөнгөө МАН-ын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ?
Х.Нэхийт: -Би газар зараагүй. Намайг Засаг даргаар томилох шийдвэрийг ИТХ 2020 оны аравдугаар сард гаргасан ч хоёр жил гаруйн хугацаанд гацаж байж албажсан. Тухайн үед цар тахал гарч, нүүрс тээврийн 300 гаруй компани “цүнх”-нд явж байсан. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь гацсан эдгээр компанийг “цүнх”-нээс нь гаргаж, зохион байгуулалтад оруулсан учраас газрын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Тиймээс миний захирамжаар олон газар олгосон байх талтай. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ажилласан.
Г.Ганболд (УИХ-ын гишүүн): -Та “Талын ургах наран”, “Төмөр туурай”, “Камелнис ложистик” компанийг мэдэх үү. Үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал гээд бүгд хятад. Та Үндсэн хууль зөрчсөн юм биш үү. Шинжээч эдгээр компанийн үүсгэн байгуулагчдын хамаарлыг гаргасан уу. Монгол хүмүүс газар аваад зардаг сүлжээ эндээс харагдаж байна. Б.Сүх-Очир, Б.Адъяабаатар нар компани байгуулж, газар аваад хятад компаниудад зарсан хэд хэдэн баримт байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү. Эдгээр компанийн зөвшөөрлийг шууд хүчингүй болгох эрх зүйн орчин бий гэж бодож байна. Та хүчингүй болгож чадах уу?
Х.Нэхийт: -Огт олгоогүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.
Ханбогд сумын газрын даамал: -Энд ярьж байгаа захирамжуудын төслийг би боловсруулаагүй. Гэхдээ эдгээр компани одоо ч улсын бүртгэлийн opendata.burtgel.gov.mn цахим хуудсанд хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу ХХК гэсэн бүртгэлтэй байгаа. Шүүгээд харахаар ХХК гэсэн бүртгэлтэй гэсэн үг. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай бол хаалтанд ГХО буюу “гадаадын хөрөнгө оруулалттай” гэсэн тайлбартай байдаг. Эндээс шүүж үзээд гадаадын хөрөнгө оруулалттай биш бол газар эзэмшүүлдэг.
Оюун-Эрдэнэ (Ханбогд сумын газрын даамал): -Иргэн, аж ахуйн нэгж нь газрыг эзэмших болон ашиглах хүсэлт гаргахдаа улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбараа хавсаргадаг. Үүнийг үндэслэн захирамж гаргадаг гэсэн үг. Эдгээр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ХХК гэж заасан учраас газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Гадаадын иргэн, аж ахуйн нэгж дараа нь газрын эзэмшигч болсон, эсэх нь газрын албаныханд мэдэгддэггүй.
М.Оюунчимэг (УИХ-ын гишүүн): -Таныг захирамж гаргахад хөндлөнгөөс нөлөөлсөн үү. Ганц цахим хуудас шүүгээд, гэрчилгээн дээр нь монгол хүний нэр байвал л захирамж гаргачихдаг юм уу. “Энгүүнболор хуяг” компанийн бүх мэдээлэл opendata.burtgel.gov.mn-д ил тод байна. Та нар худлаа яриад байгаа юм биш үү. Х.Нэхийт дарга, та Үндсэн хууль болон өөр бусад хууль зөрччихөөд яасан зоригтой суугаад байгаа юм бэ.
Х.Нэхийт: -Нөлөөлөөгүй. Захирамж гаргах болгондоо мэдээллийг нь ухаад, судлаад байх боломжгүй. Газрын албаныхан хуульд заасны дагуу хянаж шалган, төлөвлөөд оруулж ирсэн төслийг нь Засаг дарга баталж, захирамж гаргадаг.
Б.Энхбаяр: -“Төмөр туурай” компанийн мэдээллийг opendata.burtgel.gov.mn цахим хуудаснаас харъя. Эндээс гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь харагдаж байна. Хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын хуулийн этгээд, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч нь тус улсын иргэд гэдэг нь нээлттэй байна. Та үүнийг шалгадаг уу?
Оюун-Эрдэнэ: -Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн гэрчилгээнд үндэслэн хянадаг.
Б.Энхбаяр: -Сонсголд худал мэдээлэл өгвөл хуулиар хариуцлага хүлээлгэдгийг танд дахин сануулъя. opendata.burtgel.gov.mn цахим хуудсанд мэдээлэл нь байдаггүй гэхээр нээлттэй байгааг нь харууллаа гэв.