Уржигдар буюу энэ сарын 4-нд Баян- Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн нутгаар цас орж, хүчтэй шуурга дэгдэн, цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас 21 айлын гэр, байшин нурж, сүйдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Тодруулбал, Ховдын Чандмань, Дарви сумд салхи ширүүсэж, хурд нь секундэд26-28 метрт хүрснээс 20 айлын 16 гэр, хоёр байшин, гараашийн дээвэр нуржээ. Мөн Увс аймгийн Ховд, Завханы Цэцэн-Уул сумд хүчтэй цасан шуурганаар гурван айлын гэр нуран унасан байна. Орон нутгийн захиргаа, онцгой байдлын байгууллагын ажилтнууд эдгээр айлд тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлэх, хохирлын хэмжээ тогтоох ажлыг дор бүрнээ зохион байгуулжээ. Түүнчлэн шуурганы үеэр алга болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олж, автомашинтайгаа цасанд суусан, төөрсөн 24 хүний аюулгүй байдлыг хангасан аж.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймгийн Дарви, Зэрэг, Цэцэг, Говь-Алтайн Бигэр, Бугат, Дарив, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ зэрэг хоёр аймгийн 14 сумд уржигдар цахилгаан тасарсан бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийнхан шуурхай ажиллаж, богино хугацаанд хэвийн байдалд шилжүүлжээ.
Энэ сарын 4-нд баруун бүсийн нутгаар цас орж, шуурсан бол 4-5-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт цаг агаар муудаж, өчигдөр төвийн болон зүүн хэсгийн нийт нутгаар салхи шуургатай байв. Ялангуяа Дундговийн зүүн, Дорноговийн нийт нутгаар цастай, салхины хурд цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүссэн юм. Энэ өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд нэг, Ховдын Эрдэнэбүрэнд гурван айлын гэр нуржээ. Ингэснээр хоёр өдрийн дотор нийт 25 айлын гэр, байшин шуурганд өртөв.
Ойрын өдрүүдэд манай орны нийт нутгаар цастай, салхи шуургатай, орон нутгийн зам халтиргаа гулгаа ихтэй байгаатай холбогдуулан малчид, тээвэрчид, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.