Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтээр сайн дурын ажилтны өдрийг 39 дэх жилдээ тэмдэглэж буй. Олон улсын хэмжээнд өрнөж буй үйл явдалтай зэрэгцэн манайхан ч "Сайн дурынхны хүч" форумаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Форумын гол зохион байгуулагчаар Монголын сайн дурынхны төвийнхөн ажиллаж, "Залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдвээр үндсэн илтгэлийг тавьжээ. Илтгэлд Залуучуудын залуучуудын сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэхдээ бүтэц, тогтолцоо, мэргэжил арга зүйн дэмжлэгийн асуудал тулгарч байгааг онцолсон учраас энэ чиглэлд оролцогч талууд уулзалт хэлэлцүүлэг хийх, ажлын хэсгээр ажиллах зэргээр асуудлаа тодруулж, шийдлийн хувилбарыг гаргах нь чухал байгааг онцолсон.
Энэ удаагийн форум хүүхэд хамгааллийн асуудалд төвлөрч, үүнд орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаар хэлэлцэн залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцсан. Тиймээс хүүхэд хамгаалалд орон нутгийнхны оролцоог хангах нь чухал талаар хэлэлцлээ. Форумд ХНХ-ын болон БШУ-ы сайд нар, ХЭҮК, МУЗН, Монгол Улс дахь НҮБ болон Энх тайвны корпус зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөл оролцжээ.
Монголын Сайн дурынхны төвийн захирал Б.Цэвэлмаа "Манай улс олон улсын сайн дурынхны өдрийг 2006 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн. Энэ өдөр сайн дурынхантай ажилладаг, энэ талын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг урьж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг жил бүр хэлэлцэн, юуг сайжруулж дэмжин ажиллах талаар хоорондоо ярилцаж нэгдэн тохирдог. Сайн дурын үйлсэд албан болон албан бусаар олон зуун хүн хүчин зүтгэж байдаг. Албан шугамаар гэдэг нь байгууллага төвтэй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар зохион байгуулалтад ордог бол албан бус гэдэг нь иргэд 2-3-уулаа болон байгууллага, сургууль, анги хамт олноороо нийгмийн тулгамдаж буй үйл ажиллагаанд сайн дураар оролцон хувь нэмрээ оруулдаг" хэмээсэн юм.
Сайн дурын үйл ажиллагааны цаг хугацаа, давтамжийг илүү нарийвчлалтай харуулсан, жендэрийн онцлогтой мэдээллээр хангасан, сайн дурын үйл ажиллагаа, төрлүүдийг илүү өргөн хүрээг хамарсан гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэсэн судалгаа шинжилгээ ховор. Тиймээс Монголын сайн дурынхны төвийнхөн судалгаа хийсэн байна. 2021 оны байдлаар Монгол Улсад 21,480 сайн дурын ажилтан бүртгэгдсэн байна. Тэдний ажлыг мөнгөн дүнд шилжүүлэхэд улсын эдийн засагт дунджаар 4.4 тэрбум орчим төгрөг оруулсан аж. Өдгөө Монголд 50 хүн тутмын 1 нь сайн дурын ажил хийдэг гэсэн судалгаа бий.
Анх 1985 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол гаргаж Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг өөрөөр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр ч гэж нэрлэн тэмдэглэдэг. Сайн дурын ажилтнуудын хувьд 1995 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан “Нийгмийг хөгжүүлэх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-д оролцсон дэлхийн 117 орны төлөөлөгч ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжих, нийгмийн аюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг нийтээр хүлээн зөвшөөрч тунхагласан юм.