-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэг га газар нэг тэрбум төгрөгийн “ханштай”-
Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд Газрын тухай хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг танилцуулж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч байна.
Тодруулбал, тус нутаг дэвсгэрт “Талын ургах наран”, “Төмөр туурай”, “Их Даваа-Уул” зэрэг 40 гадаадын хөрөнгө оруулалтай компанид газар олгож, эзэмшүүлсэн асуудал нүүрсний сонсголын үеэр яригдаж байна. Тус сумын 457.3 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 ААН-д олгожээ. Ингэхдээ нэг га газрыг дор хаяж нэг тэрбум төгрөгөөр үнэлсэн байгаа юм. “Энэ нь Газрын тухай хуулийг зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр илэрхийлээ.
Тэрбээр “Өмнөговь гэдэг аймаг Монгол Улс доторх улс болжээ. Гадаадын иргэдэд газар нь очсон байна. Нийтлэг байх магадлалтай байна. Газар эзэмших зөвшөөрлүүдийг монгол хүний нэр дээр, эсвэл монгол нэртэй хүнд олгож, цаана нь гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн хувь хүн, хуулийн этгүүдүүд авсан гэмт хэргийн шинжтэй асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Шуурхай арга хэмжээ авах ёстой. Цагаан хад орчмын газрыг хэнд зарав, яаж зарав. Бүх захирамж, шийдвэрүүдийг хүчингүй болгох ёстой. Хуулийн байгууллагууд үүнийг шалгаж, орон нутгийн Засаг Дарга хэнд газар зарсан мөнгөө өгдөг, ямар сүлжээ байгааг ил болгох цаг нь иржээ. Дээрээс хэн чиглэл өгөв. Ар талыг нь ил болгох хэрэгтэй” гэлээ.
Харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг Дарга Х.Нэхийт “Гадаадын хөрөнгө оруулалттай ямар ч компанид газар олгоогүй” гэсэн байр суурийг өгч байгаа юм. Мөн тус сумын газрын даамлын өгсөн мэдээллээс харахад Ханбогд суманд газар олгохдоо тухайн компанийн мэдээллийг https://opendata.gov.mn/ хаягаас нягталж, Монгол хүний нэр дээр тус компани бүртгэлтэй байсан учраас газрыг олгосон гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл газар олгосон компаниудаас “Төмөр туурай” компанийн мэдээллийг дээрх дата сангаас харахад гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь тодорхой байгаа юм. Гэтэл тус компанид 20 га газар олгосон байгаа юм.
Өнөөдрийн сонсголоор Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд олгосон 457.3 га газар, эрчим хүчний зориулалтараар 4100 га газрыг эзэмшүүлсэн тухай мэдээллийг сонслоо.
1. Лилия гарден ХХК /БНХАУ-ын компани/ -10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
2. Фүжибит ХХК /Хувьцаа эзэмшигч нь Сингапурын компани/ - 13.6 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
3. Ийзи Транспорт ХХК /ГХО 100 хувь/ - 14.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
4. Силвер Титан интернейшнл /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
5. Качнис ложистик ХХК /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
6. Соронзонговь ХХК /ГХО 100 хувь/ - 20 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
7. Энгүүнболор хуяг ХХК /эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
8. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
9. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
10. Гүнхармагтай ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 8.3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
11. Эс Эм Эс Ти ХХК /ГХО, үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
12. Тэнгэр анд тэнгис ХХК /ГХО, эцсийн өмчлөгч Өвөрмонголын компани / - 1.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
13. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 3.5 га 14. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 40 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон.
15. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 7 га.
16. Синотрак хово транс ХХК /ГХО 100 хувь / - 10 га.
17. Эрхэт түнш ХХК - 5 га.
18. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 2 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
19. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 13 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
20. Өртөөчинтайж ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га.
21. Эркэ Монголиа ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га.
22. Сарт ухаа ХХК /ГХО/ - 2 га
23. Их хүлгийн жолоо ХХК /ГХО, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 2 га.
24. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 9 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
25. Камелнис ложистик ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
26. Төмөр туурай ХХК /үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын компани/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
27. Коалюшн ложистик энд минералс ХХК /ГХО 100 хувь/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
28. Трейд инвестмэнт групп ХХК - 15 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
29. Цагаан овоо баялаг ХХК /ГХО/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
30. Грандговь суплай ХХК /ГХО/ - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
31. Жи Пи Жи Ди ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон,
32. Талын ургах наран /ГХО 100 хувь / - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
33. Кайтл Ринч ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
34. Галба Ус ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
35. Цагааналт эх жин ХХК /ГХО 100 хувь / - 9.1 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
36. Жэй Эс Би ХХК /ГХО 100 хувь / - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
37. Тив Транс ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3.8 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
38. Угтахбаян говь ХХК - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
Харин эрчим хүчний зориулалтаар газар эзэмшиж дараах хоёр компани газар эзэмшиж байна:
1. Солар илч ХХК /эцсийн өмчлөгч нь Автрали улсын иргэн/ -100 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.
2. Клинтек ХХК /Гүйцэтгэх захирал нь ХБНГУ-ын иргэн/ -4000 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон.