“Найман шарга” валют арилжааны захын ченжүүд өчигдөр фунт стерлингийг 4340 төгрөгөөр худалдан авч, 4400-гаар зарж байлаа. Энэ нь нэг сарын өмнөхтэй харьцуулахад авах ханш нь даруй 160, худалдах нь 150 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Эргэн сануулахад, дээрх захад 2023 оны эхэнд ченжүүд фунтийг 4130 төгрөгөөр аваад, 4230-аар борлуулж байсантай харьцуулахад өдгөө 5.1, дөрвөн хувиар өсөөд буй нь энэ. Дээрх захад өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Британийн мөнгөн тэмдэгтийг 4400 төгрөгөөр авч, 4430-аар ч худалдаж байв. Монголбанкны зарласан ханшаар өчигдөр уг валютын ханш 4345.75 төгрөгтэй тэнцлээ. Энэ оны эхний өдөр эл тоо 4156.6 байжээ. Тэгвэл нэгдүгээр сарын 11-нд 4203.7, 23-нд нь 4318, зургадугаар сарын 19-нд 4402.91 төгрөгтэй дүйж байсныг статистикаас харж болно. Фунтийн ханш нэгдүгээр сард 4200, 4300 төгрөг давсан нь эндээс харагдаж буй. Түүнчлэн долдугаар сарын 17-нд дээрх валютын ханш 4504.13 төгрөгтэй тэнцсэн удаатай. Энэ нь 2023 он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдсон юм.
Бэлтгэсэн: Б.Сонор