“AD scientific index” цахим сайтаас хамгийн сүүлд гаргасан эрэмбээр манай улсын шинжлэх ухааны салбарын хамгийн өндөр үзүүлэлттэй судлаачдыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, онолын физикч Ц.Банзрагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Б.Болдгив, АШУҮИС-ийн доктор, дэд профессор О.Чимэдсүрэн нар тэргүүлжээ. Дөрөв, тавдугаар байрт Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн биологич Б.Нямбаяр, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахлах багш, доктор А.Амаржаргал орсон байна. Харин дараагийн таван байрт ХААИС-ийн доктор, профессор Б.Баттөр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Баатарбилэг, МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш, судлаач Б.Амарсайхан, АШУҮИС-ийн доктор, профессор Б.Мөнхбат, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Эрдэнэ-Очир нар эрэмбэлэгджээ.
Эл сайт нь шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулж буй судлаачдын хувь нэмэр, ажлын гүйцэтгэл, бүтээмжид үндэслэн зэрэглэл тогтоодгоороо онцлог гэнэ. Одоогоор уг системд 10 бүс нутаг, 218 улсын 22.6 мянган байгууллагын 1.4 сая эрдэмтэн, судлаач бүртгэлтэй байдаг аж. Монголоос эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн 560 орчим судлаач бүртгэлтэй байгаагаас эхний 10 байрт дээрх хүмүүс жагсав.
Судлаачдыг эрэмбэлэхдээ “h”, “i10” зэрэг хувь судлаачийн түвшин, нийтлэлийн бүтээмж, “Google scholar”-аас гаргасан үзүүлэлт бүхий хоёр төрлийн индексийг харгалзсанаас гадна эшлэлийн оноог чухалчилжээ. Ингэхдээ сүүлийн зургаан жилийн үзүүлэлтийг авч үзсэн гэнэ. Эхний 10 байрт орсон судлаачдын дөрөв нь МУИС, хоёр нь АШУҮИС-ийнх байгаа юм.