Дэлхийн “хар алт”-ны нийлүүлэлтийн 40 гаруй хувь нь дангаар ногддог ОПЕК-ийн (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) гишүүн болон бусад үйлдвэрлэгч улсын уулзалт өнгөрсөн сарын 26-нд болох товтой байв. Гэвч нийлүүлэлтийн хэмжээгээ тохиролцож чадахгүй байсантай холбоотойгоор хойшилж, арваннэгдүгээр сарын 30-нд боллоо. Ер нь үйлдвэрлэгчид энэ талаар санал нэгдэх гэж “зүдэрдэг” гэхэд буруудахгүй. Өнгөрсөн зургаадугаар сард ч ийм зүйл тохиолдсон билээ. Эргэн сануулахад, тухайн үед үйлдвэрлэгчид энэ оныг дуустал олборлолтоо багасгахаар шийдвэрлэж байсан юм. Тэгвэл өмнөх сарын эцэст хийсэн уулзалтаар үйлдвэрлэгчид зах зээлийн тэнцвэрийг хангах зорилгоор ирэх сарын 1-нээс гуравдугаар сарыг дуусталх хугацаанд өдөрт 2.2 сая баррелиар олборлолтоо танахаар шийдвэрлэснээ цахим хуудсандаа мэдээллээ. Тухайлбал, Саудын Араб олборлолтоо өдөрт нэг сая, Ирак 223, АНЭУ 163, Кувейт 135, Казахстан 82, Алжир 51, Оман 42 мянган баррелиар багасгах нь. ОХУ ч дээрх хугацаанд олборлолтоо өдөрт 500 мянган баррелиар бууруулах аж.
Дэлхийн 10 дахь том үйлдвэрлэгч гэгддэг Бразилыг эгнээндээ орохыг ОПЕК урьсан бөгөөд тус улсын Эрчим хүчний сайд дээрх байгууллагад ирэх сард нэгдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Энэ оны аравдугаар сард ОПЕК болон бусад нийлүүлэгч өдөрт 38.19 сая баррель бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн дүн бий. Тус байгууллагын хувьд баррелийнх нь үнийг 80 ам.доллароос дээш байлгахыг зорьж буй юм.
ОПЕК-Т ДАХИАД “ХӨЗӨР” БИЙ ЮҮ
Хэдийгээр ОПЕК шийдвэрээ гаргасан ч газрын тосны ханш өссөнгүй. Үүгээр зогсохгүй ийм мэдээлэл цацагдсаны дараа баррелийнх нь үнэ хоёр хувиар доошлов. Энэ талаар зарим шинжээч “ОПЕК-ийн шийдвэр дэлхийн газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахуйц хэмжээнд нөлөө үзүүлэхгүй бололтой” хэмээн дурдсаныг “Reuters” онцоллоо. Дээрх байгууллага үйлдвэрлэлээ хумих нь тодорхой байсан тул газрын тосны ханш өсөөгүй байх талтай хэмээн зарим эдийн засагч тодотгожээ. Нөгөөтээгүүр, бөмбөрцгийн томоохон үйлдвэрлэгч АНУ-ын олборлолт тасралтгүй өсөж буй нь түлхэц өгсөн гэж болох аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр тус улсын олборлолт өнгөрсөн есдүгээр сард гэхэд 1.7 хувиар дээшлэн өдөрт 13.24 сая баррельд хүрсэн аж. Эргэн сануулахад, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн сарын эхээр “хар алт”-ны ханш өссөн юм. Хэдий Газын зурвас дахь нөхцөл байдал шийдэгдээгүй ч газрын тосны ханшид нөлөөлөх нь харьцангуй багасаад буй гэнэ. Ташрамд дурдахад, “Brent” маркийн газрын тосны ханш өнгөрсөн сард 5.2, WTI төрлийнх нь 6.2 хувиар буураад байсан юм.
Далайгаар тээвэрлэн импортолсон улс орнуудын бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний 11 сард өсөж, өдөрт 41.96 сая баррельд хүрсэн дүн гарсныг “Kpler” компанийн мэдээлэлд дурджээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс өдөрт 1.86 сая баррелиар нэмэгдсэн гэсэн үг. Ази, тэр дундаа газрын тосны хамгийн том импортлогч БНХАУ, мөн гуравдугаарт бичигддэг Энэтхэгийн эрэлт өссөн нь үүнд нөлөөлсөн аж. Тодруулбал, БНХАУ өнгөрсөн 1-10 дугаар сард өдөрт 11.36 сая баррель бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 1.21 саяар илүү гэнэ. Мөн Энэтхэг улс дээрх хугацаанд өдөрт 4.62 сая баррелийг импортолсон нь 2022 онд эл дүн 4.14 сая байснаас өссөн гэсэн үг. Хэдийгээр Азийн энэхүү хоёр томоохон импортлогчийн хэрэглээ нэмэгдсэн ч бүсийн бусад орных буурсан байна. Улмаар Ази тивийн хэмжээнд нийт импорт багахан хэмжээгээр өсөөд буй гэнэ. Тодруулбал, Азийн орнуудынх энэ жилийн эхний 10 сард өдөрт 26.93 сая баррельд хүрснийг “London stock exchange group”-ийн статистикаас харж болно. Өмнөх онд дээрх тоо 25.59 сая баррель байсан аж. Эндээс газрын тосны эрэлт өдгөө өнгөрсөн жилийнхтэй ойролцоо нь харагдаж буй ч таамагласнаас бага байгаа гэнэ. Иймээс ОПЕК олборлолтоо танах шийдвэрээ үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн хэрэг. Энэ нь тус байгууллагын сүүлийн “хөзөр” мөн, эсэх, газрын тосны ханш хямдарч, шаардлага тулгарвал цаашид өөр ямар арга хэмжээ авах нь сонирхол татаж байгаа талаар шинжээчид тэмдэглэжээ.
Газрын тосны эрэлт, ханшид нөлөөлж байгаа томоохон хүчин зүйл бий. Олон улсын эрчим хүчний агентлаг “Тэг ялгаруулалтад шилжих явц ба газрын тос, байгалийн хийн салбар” хэмээх тайлангаа саяхан гаргасан юм. Уур амьсгалын өөрчлөлтийг улам өрдөх үү, цэвэр эрчим хүчинд шилжих үү гэдэг сонголт хийх шаардлага хэдийн үүсээд буй өнөө үед газрын тосны эрэлт цаашид буурна гэх төсөөлөл байна. Дээр дурдсанчлан олборлолтоо өдөрт 163 мянган баррелиар багасгахаар болсон АНЭУ-ын Дубай хотод Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж буй. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын (COP28) үеэр даргалагч АНЭУ-ын зүгээс хэд хэдэн асуудлыг чухалчилж буйн нэг нь эрчим хүчний шилжилт хийх юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ч уур амьсгалын өөрчлөлт түргэсэхэд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг олборлодог түлшний хэрэглээ нөлөөлж байгааг дахин шүүмжлээд, эдгээрийг үйлдвэрлэгч компаниудын үүрэг багасаж буйг хэлжээ.
Энэхүү хуралд газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч “Exxon mobil” компанийн гүйцэтгэх захирал анх удаа оролцож байгааг “Bloomberg” мэдээлсэн юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцдэг мянга мянган идэвхтэнд хандан “Бага хуралд оролцож буй төлөөллүүдээс хамгийн дургүй хүнээ хэлнэ үү” гэвэл дээрх компанийн гүйцэтгэх захирал Даррен Вүүдсийг нэрлэж магадгүй гэнэ. Хэдий ийм ч тэрбээр энэхүү бага хуралд оролцож буй нь газрын тосны томоохон үйлдвэрлэгч компаниуд цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж болох талтай. Өөрөөр хэлбэл, улс орнууд цэвэр эрчим хүчинд шилжихийг чухалчлан, газрын тос үйлдвэрлэгч компаниуд ч үйл ажиллагаагаа өөрчлөх хандлагатай буй юм байна. Энэ нь “хар алт”-ны эрэлт багасахад нөлөөлөх нь дамжиггүй.
БНХАУ-ААС 31 500 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮН АВАХААР ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Манай улс өнгөрсөн сарын 28-ны байдлаар 71 545 тонн шатахууны нөөцтэй байсныг АМГТГ-аас мэдээлсэн. ТухайнүедА-80 бензиний 13, АИ-92-ын 20, АИ-95-ын 25, дизелийн түлшний 16 хоногийн ердийн хэрэглээг хангах нөөцтэй байсан юм. Монгол Улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын дотоодын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газар нь газрын тосны бүтээгдэхүүний экспортоо тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг есдүгээр сарын 22-нд гаргасан. Дээрх өдрөөс аравдугаар сарын 6-ны хооронд хойд хөршөөс манайд түлш өгөөгүй, импорт саатсантай холбоотойгоор дотоодын зах зээлд шатахууны хангамж, нийлүүлэлт доголдсон билээ. Уг нь аравдугаар сарын 6-наас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манайд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг сэргээсэн ч дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадаагүй байгаа юм.
Орон нутагт дизелийн түлш олдохгүй, хязгаарлалт хийж байгаа талаар иргэд халагласаар буй. УУХҮ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт “ОХУ-ын нийлүүлэлт хэвийн байгаа. Арваннэгдүгээр сарын 1-25-нд ОХУ-аас 102 мянган тонн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35 мянгаар илүү үзүүлэлт. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор түлшний хэрэглээ ихэссэн” гэж байв. Тэрбээр мөн “БНХАУ-аас арванхоёрдугаар сард 30 мянган тонн дизелийн түлш авна. Тонныг нь БНХАУ-аас 1097, ОХУ-аас 855 ам.доллароор авахаар болсон” хэмээсэн. Монгол Улс ОХУ-аас 140 мянган тонн шатахуун импортлох хүсэлт тавиад буй бөгөөд хойд хөрш энэ сарын 15-наас дотоодын өвлийн түлшний нийлүүлэлт нь тогтворжсон үед манайх руу захиалсан хэмжээгээр өгөх боломжтой гэж мэдэгджээ.
Эргэн сануулахад, ОХУ-аас өнгөрсөн лхагва гарагт 117, маргааш нь 54 гээд энэ сарын 2-ны хооронд 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж үзэж буй талаар мэдээлж байв. Энэ тухай АМГТГ-аас тодруулахад “Аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас 31 500 тонн нефтийн бүтээгдэхүүн авахаар гэрээлсэн. Ачилтууд хийгдэж эхлээд байна. ОХУ-аас сүүлийн гурав хоногт 157 вагон буюу 9480 тонн дизелийн түлш, 81 вагон буюу 4860 тонн АИ-92 бензин оруулж ирсэн. Нийлүүлэлт хэвийн хэмжээнд явагдаж байна” гэв. Төмөр замын цариг өөр учраас БНХАУ-аас нийлүүлж буй бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих шаардлагатай тул гурван ээлжээр, 24 цагаар ажиллахаар бэлтгэж байгаа гэх албан бус мэдээлэл ч бий юм. Гадаад зах зээлийн нөхцөл байдал, мөн хойд хөрш өвлийн түлшнийхээ дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь манайд нөлөөлж буй юм биш биз.