Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Шүүхээс намайг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Цаашаа хэд хоног болж үргэлжлэхийг мэдэхгүй байна. Өнөөдрөөс миний талаар элдэв гүтгэлэг бүр ч эрчээ авах байх. Намайг олон нийтийн өмнө шүүгээрэй. Бүх зүйлийг ил явуулаарай" гэлээ.
МСНЭ-ийн дэд тэргүүн З.Боргилмаа “Хуулиа зөв хэрэгжүүлэхийг бид шаардаж байна. Тодруулбал, хуулийг хэрэгжүүлэхдээ зөв ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө Зариг.мн сайтыг хаасан. Ингэхдээ эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай процессын хуулийн 22.1.3-ыг баримталсан. Эрүүгийн хуулийн суурь зарчим нь тухайн хэрэгт шалгагдаж байгаа субьектын хариуцлагыг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэдэг. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгт үүссэн хэргийг шалгахдаа Зариг.мн гэдэг мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарлаж, техник технологийн боломжийг хаах замаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Н.Өнөрцэцэгийн эрхийг хязгаарлахдаа давхар Зариг.мн сайтад ажиллаж байгаа сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан, иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийг боогдуулсан байдлаар эрүүгийн хуулийг хэрэгжүүлж байгаад МСНЭ эсэргүүцэж мэдээлэл гаргасан” гэлээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Сэтгүүлч бид хууль зөрчсөн үйлдлийг, авлагыг ил болгох гэж ажилладаг. Ингэж ажиллахдаа цагдаа, шүүхийн хаалга байнга татдаг. Эрх баригчид дуртай үедээ бидний эрхийг хасаж, чимээгүй болгох гэж үздэг. Ийм байдлаас айж болохгүй. Би 28 жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. 2000-2004 онд өнөөдрийнх шиг засаглал тогтож байсан. Би сониноо хаалгуулж, хэрэгт холбогдож байлаа. Цагдаа, шүүхээс дуудах болгонд очдог байсан. Одоо ийм байдалтай эвлэрч болохгүй” гэлээ.
Сэтгүүлч С.Будрагчаа “Авлигачдын булхайг дэлгэвэл ийм замаар явна гэдэг дохио өгч байна. Төр хүч чадлаа харуулж, сүрдүүлж байна. Аймшигтай сануулга өгч байна. Ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Төр засгийн эсрэг дугарсан хэн боловч ийм байдалд орно гэдгийг сануулж байна. Нэг намын тогтолцоо бүрэлдэж, дуугарсныг нь дардаг байдал хэрээс хэтэрлээ. Сэтгүүлч биднийг өдөр тутмын ажлаа хийх боломжгүй болтол нь шалгаж, эрүүгийн хэрэгт яллаж, нухчин дарах бодлого явагдаж байна” гэлээ.