Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын аманд байгаа үл хөдлөх хөрөнгийг бүртгэх ажлын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 4215 га талбайд 2420 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттайгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар олгосон байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэж, аж ахуйн нэгж, компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангажээ.
Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламжуудыг Улсын комисс хүлээн авах ажлыг эрчимжүүлэх,
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулах ажлыг судалж, танилцуулах,
- Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлыг шийдвэрлэх,
- Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг байгуулах бэлтгэл ажлыг хангах,
- Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
- Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон дайчлан ажиллах резидент эмч нарт цалин урамшуулал олгох ажлыг судалж, танилцуулах
- “Тээвэр логистикийн оновчтой шийдэл” зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулан, биелэлтийг нэгтгэж, ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.