Байгаль орчны сургалт, судалаа, мэдээллийн байгууллага болох “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс санаачлан МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Олон улсын Улаанбаатарын их сургуулиудтай хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн байранд зохион байгууллаа.
Гурван өдрийн турш үргэлжилсэн өдөрлөгийн зорилго нь байгалийн шинжлэх ухааны мэргэжлийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрийг танилцуулах, сурталчлах, элсэн суралцагсадыг холбож өгөх юм. Өдөрлөгийн үеэр байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдээр оюутан элсүүлж сургадаг дээрх сургуулиуд хөтөлбөрийн танилцуулгаа дэлгэн,эрдэмтэн багш, судлаачид нь илтгэл тавьж оролцов.Мэргэжил сурталчлах ажлын гол зорилтот бүлэг болох ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 615 сурагч өдөрлөгт биечлэн оролцлоо.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаа уг арга хэмжээг зохион байгуулахад 700 орчим хүүхэд биечлэн оролцож, байгаль орчны талаарх мэдлэгээ дээшлүүлж, мэргэжил сонголт хийх мэдээлэлтэй болсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, доройтол, бохирдол зэрэг асуудлууд нэмэгдсээр байгаа нь салбарын мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээг өсгөж буй. Гэтэл Монголын их, дээд сургуулиудад элсэн суралцагсадын тоо жилээс жилд буурч байгаа нь энэ салбарын мэргэжилтэй боловсон хүчний хомсдол үүсгэхээр нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудыг нийт 31 мянга орчим оюутан төгссөний ердөө 1.3 хувийг энэ чиглэлийн төгсөгчид эзэлж байв. Мэргэжил сурталчлах өдөрлөгийг цаашид жилд 2 удаа уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үр дүнд нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургуулиудад элсэн суралцагсадын тоо бодитой нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн хөдөө, орон нутгийн сургуулиудаас уг өдөрлөгт хамрагдах хүсэлтээ олноор ирүүлж байгаа ажээ.
Өдөрлөгт оролцсон зарим оролцогчдын сэтгэгдэл болон илтгэл, лекцийн хэсгээс хүргэе.
БАЙГАЛЬ ДАХЬ УСНЫ ЭРГЭЛТИЙГ ЗӨВ ГОЛЬДИРОЛД ОРУУЛДАГ ШИДТЭЙ ХҮМҮҮС
ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн салбарын багш, дэд профессор, доктор Н.Насанбаяр:
Усны барилга байгууламжийн инженер хүн шинжлэх ухааны тооцоо судалгаан дээр үндэслэн хиймэл нуур, цөөрөм байгуулах замаар хур бороо орох боломжийг бүрдүүлж, байгаль дахь усны эргэлтийг зөв голдиролд нь оруулдаг шидтэй хүмүүс юм.
УЛААНБААТАР ХОТЫН АСУУДЛУУДЫГ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРҮҮД ШИЙДЭЖ ЧАДНА
ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхимийн багш, дэд профессор, доктор О.Энхцолмон:
Улаанбаатар хотод агаарын бохирдол, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудал гээд хүрээлэн буй орчны маш олон асуудал байдаг бөгөөд эдгээрийг шийдэж чадах мэргэжил нь хүрээлэн буй орчны инженерчлэл юм.
ХИЧЭЭЖ БАЙГАА ХҮНД БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ
ADAPT төслийн усны менежментийн асуудал хариуцсан техникийн мэргэжилтэн Б. Гүнсмаа:
Хүн өөрөө хичээх юм бол бүх зүйлд боломж гардаг. Байгаль орчны салбар бол хамгийн эрүүл бөгөөд асар их боломж юм. Дэлхий нийтийн хөдөлмөрийн зах зээл дээр байгаль орчны салбарийн мэргэшсэн мэргэжилтний эрэлт ихээр үүсэж байна.
БИО ТЕХНОЛОГИ НЬ БАЙГАЛЬ ОРЧИНД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн сургуулийн Био тэнхимийн багш, доктор Д. Соёл:
Орчин үед хүн амын өсөлтөөс хамаарч хүнсний хэрэглээ нэмэгдсээр байна. Энэхүү хэрэглээг хангахын тулд био технологийн аргаар хүнс үйлдвэрлэж байна. Био технологийн аргаар хүнс үйлдвэрлэх нь байгалийн нөөцийг хамгаалах чухал ач холбогдолтой юм. Биотехнологийг хэрэглээгээр нь өндөр нам гэж ангилдаг. Нам түвшний биотехнологийн хүрээнд микро организмыг ашиглан хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Өндөр түвшний биотехнологийн хүрээнд генийн инженерчлэл, био инженерчлэлийн аргаар инсулин, вакцин зэргийг гарган авдаг.
ОЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН НЬ ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ОРЧИН ҮЕИЙН АРГА БАРИЛЫГ ЭЗЭМШДЭГ
ШУТИС-ийн ҮТС-ийн ойн инженерчлэлийн багш, дэд профессор Б.Баярцэцэг:
Ойн инженерийн мэргэжил нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж ойг зохистой ашиглах, түүнийг нөхөн сэргээх ойжуулах, ойн хортон шавж, түймрээс хамгаалах үйлдвэрлэлийн техник, технологийг судалж, ойн бүртгэл тооллого, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт арга барил эзэмшихэд чиглэдэг. Орчин үед ойг нөхөн сэргээх сайжруулах нь байгаль хамгааллын салбарт чухал шаардлагатай асуудал болоод байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЕХНОЛОГИЧИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРЭЛТ БИЙ БОЛСОН
ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн багш Ч.Даваасүрэн:
Дэлхийн хөгжингүй улс орнуудад байгаль хамгаалахад техник технологийг өргөнөөр ашигладаг. Манай улс сүүлийн жилүүдэд байгаль хамгааллын болон судалгаа шинжилгээний салбарт техник технологийг ашиглаж эхэлсэн. Иймээс хөдөлмөрийн зах зээл дээр байгаль орчны салбарын технологийн мэргэшсэн мэргэжилтний эрэлт ихээр үүсэж байна.
НОГООН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ЭХ ДЭЛХИЙН ХҮМҮҮНИЙ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарын багш М.Нүүдэл:
Дэлхий нийтийн ирээдүйн мэргэжил ногоон технологи, ногоон орчин юм. Техник технологийн дэвшлийг дагаад хүн төрөлхтөний хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг чухалчлах болсон цаг үе бидний өмнө ирээд байна. Иймээс хойч ирээдүй болсон залуус, дүү нар, оюутан, сурагчдадаа НОГООН ИРЭЭДҮЙ-н төлөө, байгаль орчинд ээлтэй эх дэлхийгээ хайрласан ЭХ ДЭЛХИЙН ХҮМҮҮН-ий сонголт хийж байгаль орчин, экологи, сэргээгдэх эрчим хүч ногоон технологийн чиглэлийн мэргэжлийг сонгохыг уриалж байна. ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙ-НОГООН ТЕХНОЛОГИ юм шүү.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН СУДЛАЛ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН 5 ДУГААРТ ОРДОГ
МУИС-ийн ХШУИС-ийн Ойн инженерчлэлийн тэнхимийн багш, дэд профессор Н.Оюунчимэг:
Хүрээлэн буй орчин судлал нь тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн эрэмбээр 5 дугаарт ордог. Хүрээлэн буй орчин судлалын хүрээнд агаар, ус, хөрсний бохирдол, түүнээс сэргийлэх арга замууд, бохирдлоос цэвэрлэх аргуудыг судалдаг.
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.
УЛСЫН ИРЭЭДҮЙ ХҮҮХЭД БОЛ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ УСНЫ НӨӨЦ ЮМ
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор (ph.D) Б. Наранчимэг:
Байгаль орчны хамгийн чухал нэг хэсэг нь ус бөгөөд усгүйгээр амьд байгаль цаашид оршино гэдэг боломжгүй зүйл. Мөн улс үндэстний амин чухал хэсэг нь хүүхэд залуус байдаг. Хүн болгон байгаль орчны мэргэжилтэн байх албагүй хүн болгон байгалийн бүтээгдэхүүн, түүний нэгж өчүүхэн хэсэг гэдэг ээ санаж явах хэрэгтэй.